Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар тус комиссын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав.
Энэ үеэр агаарын бохирдолтой холбоотойгоор иргэд эрүүл мэндээр хохирч буй асуудлын тухай сэтгүүлчдийн асуултад ХЭҮК-оос дараах хариултыг өглөө.
Тодруулбал "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх төлөв байдал буюу 23 дахь илтгэлийн мөрөөр холбогдох яамдад тодорхой зөвлөмжүүдийг хүргэсэн.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг дарга зэрэг албан тушаалтанд холбогдох зөвлөмжүүдийг хүргүүлсэн байгаа.
Тухайлбал өвлийн улиралд үүсдэг утаа, агаарын бохирдол болон хөрсний бохирдолтой холбоотойгоор БОУАӨ-ийн сайдад 2024 оны долдугаар сарын 25-нд холбогдох зөвлөмжийг өгсөн.
Агаар, орчны бохирдлыг бууруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг авахын зэрэгцээ санхүү, төсвийг үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.
Мөн Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн цаг хугацааны мөчлөг, онцлогтой холбоотойгоор хэмжигдэхүйц ач холбогдолтой шалгуураар үнэлэх хэрэгтэй.
Агаар орчны бохирдлыг бууруулахад олон улсад дагаж мөрдөгдөж буй стандартыг мөрдөх, техник технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Хог хаягдлын менежментийг сайжруулах, хураамжийн хэмжээг шинэчлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, аюултай хог хаягдлыг устгах дахин боловсруулах, стандартын шаардлага хангасан төвлөрсөн байгууламжийг байгуулах шаардлагатай.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан байгалийн нөөц ашигласан төлбөрөөс зохих хувь хэмжээг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах зөвлөмжийг хүргүүлсэн.
Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг даргад эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор холбогдох зөвлөмжийг өгсөн.
Агаар орчны бохирдлоос гадна зам тээвэр, байгууламж, орон сууцны барилга байгууламжийн стандартыг мөрдүүлэх чиглэлээр нэлээд зөвлөмжийг хүргүүлсэн байгаа" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!