Нийслэлд хэрэгжих төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх төсвийн тодотголын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулав.
Энэ талаар тэрбээр "Нийслэлийн тулгамдсан асуудлууд маш ойлгомжтой байгаа.
Засаг захиргаа, төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборуудыг нүүлгэх талаар улс төрийн шийдвэр гарсан. Тэгвэл эдгээрийн байршил нь хаана байх вэ гэдгийг ярилцаж, өнөөдөр төсвийн тодотголд эхний зөвлөх үйлчилгээ, даалгаврыг гаргуулах чиглэлд төсвийг нь суулгаж байна.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад томоохон төсөл хэрэгжүүлж, туннел гаргах зайлшгүй шаардлагатай. Үүнийг зөвшилцөөд хэд хэдэн хувилбарыг танилцуулж байгаа.
Энэ хувилбаруудыг эцэслэхийн тулд тухайн төсөлд мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлт авснаар тэнд өрмөө хүртэл тавьж үзэх ёстой. Ингэж шийдэл гаргахгүй бол зүгээр хуралдаад шийдвэрлэх асуудал биш.
Улаанбаатарын метроны төсөл ч эхний байдлаар PMC-(Project Мanаgement Consulting) зарлаад ажил нь урагшилж байна.
Тиймээс нийслэлд хэрэгжиж буй төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлд төсвийн тодотголын санхүүжилтээр шийдвэрлэж байгаа. Үүнийг ирэх Даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлснээр Сангийн сайд, Шадар сайд нар төсвийн тодотголтой холбоотойгоор нэмэлт мэдээллийг өгнө.
Засгийн газрын гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг нэгтгэснээр ирэх Даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон" гэлээ.
Түүнчлэн "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа УИХ-аас гаргасан урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050 дээр суурилсан. Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг утгаараа ялгаатай.
Улс төрийн тогтвортой байдлыг хангуулах, хамтдаа зөвшилцөөд төслүүдээ урагшлуулна гэж шийдсэн тохиолдолд хэн нэгэн замын дундаас ухарч буцах эрхгүй учраас гэрээ байгуулдаг.
Бид өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг эхлүүлж явсан ч улс төрийн зөвшилцлүүд хэрэгтэй байсан. Бүх ажлын хэсгийг шинэчилсэн.
Жишээлбэл ураны төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр, хил холболтын зам зэрэг олон төсөл бий. Эдгээр ажлын хэсгийг шинэ сайд нарын бүрэлдэхүүнтэй шинэчилсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!