Улсын Их Хурал(УИХ) дахь Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эмнэлэгт амь насаа алдсан иргэний асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын дарга Т.Сүхболдоос ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн эсэхийг нь тодруулав.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Амь хохирогчийн талаар эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Түүнчлэн ёс зүй, хүний эрх, хүнлэг ёсны талаар хэрэв танай байгууллага ойлголттой бол та ЦЕГ-ын даргын хувьд хариуцлага хүлээгээд огцроход бэлэн байна уу? Танай Баянгол дүүргийн I хэлтсийн мөрдөгчдөд зодуулсан гэдэг гомдол гаргасан хүн эмнэлэгт гавтайгаа байж байгаад амь насаа алдсан байхад та нар муу хүн байж байгаад өөрөө үхчихлээ гэсэн шахуу юм яриад байна. Та ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна уу?
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар зөвхөн прокурорын байгууллагад танилцуулаад, прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөг. Мэдээлэл өгөх эсэхийг ЦЕГ-ын дарга шийднэ. Ямар мэдээлэл өгөхөө прокурорын байгууллагаас бичгээр тодруулга аваад, зөвшөөрөгдсөн хэсэгт өгнө.
Манай алба хаагчид бидний өгсөн мэдээлэл хууль зөрчөөгүй гэж тайлбар ярьж байгаа. Дотооддоо албаны шалгалт хийж байна.
Таны хэлсэнтэй адил иргэний эмзэг мэдээлэл тараасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, дээрээс нь прокурорын байгууллагаас яг энэ хэсгийг ярь гэсэн байхад хүний эмзэг мэдээлэл гаргасан байна гэж үзвэл бид хариуцлага хүлээхэд бэлэн.
Цагдаагийн алба хаагчтай холбоотой гэмт хэргийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас шалгаж байгаа. Уг хэрэг дээр цагдаагийн хэдэн алба хаагч татагдсан талаар надад мэдээлэл байхгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Тиймээс ямар алба хаагч шалгагдсан, ямар алба хаагч яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл алга. Үүний дараа үзнэ.
Алба хаагчдын буруутай үйл ажиллагаа байна уу, эсвэл нэгжийн дарга нар алба хаагчдадаа тавих хяналт сул байв уу, камерын өнцөг өөрчилсөн үү зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөлд дараагийн арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай.
Би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!