Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа үйлдэв

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХ

Говь-Алтай аймгийн төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өнөөдөр болжээ. 

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулжээ. 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Монголчууд бид хүйн холбоотой байгаль дэлхий, амин хэлхээтэй арван гурван Алтайдаа хүндэтгэл үзүүлж, бурхад бууж үгээ дайдаг Бурхан буудай уулынхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаагаа өргөн дэлгэр үйлдлээ.

Уул хайрхны тэнгэрийг тайх ёслол бол байгаль эхээ хайрлагч, төр ёсоо дээдлэгч нүүдэлчин монгол түмний минь түүх соёлын өв, төрт ёсны уламжлал шингэсэн эрхэм үнэт зүйл билээ" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон билээ.

Тодруулбал Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн

  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгох, 
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхныг тахих уул хайрхны хуваарьт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нутгийн иргэдэд уриалсугай хэмээн зарлиг буулгасан байдаг.