Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгов

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг алтай.мн-ээс авав

Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа Алтай хотод болж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгожээ. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал танилцуулав.

Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь:

  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгох, 
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхныг тахих уул хайрхны хуваарьт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нутгийн иргэдэд уриалсугай хэмээн зарлиг буулгажээ. 

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч байжээ. 

Тус уул нь Монгол Алтайн уулын хээрийн дэд мужид багтдаг. Ноён оргил нь 3,765 метрийн өндөрт орших мөнх цастай уул юм.  Бурхан буудай уулнаас Урд, Дунд, Хойт, Уст чацран гол эх авч урсдаг байна.

Мөн аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас гэсэн амьтан, вансэмбэрүү, алтан гагнуур, гандигаар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг эмийн ховор ургамал ургадаг талаар Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгууд номд бичжээ.