Уншиж байна ...

Анх удаа парламентын гишүүнээр сонгогдсон нам, эвслийн төлөөлөл юу хэлэв?

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд үнэмлэхээ гардан авлаа. УИХ-д суудал авсан нам, эвслийн төлөөллүүдээс сэтгэгдлийг нь хуваалцав. 

Ш.Бямбасүрэн: Иргэдийн бизнес эрхлэх боломжийг сайжруулах, татварын дарамтыг багасгахын төлөө ажиллана

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас 6-р тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшин сонгогдсон Ш.Бямбасүрэн “УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа. Үнэмлэхээ авсны дараа маш том хариуцлага ирж байна гэж бодсон. Олон түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдоно гэдэг өндөр хариуцлага байдаг юм байна.

Сонгуулийн сурталчилгааны хувь бэрхшээл их байлаа. УИХ-ын сонгууль анх удаа бүсчилсэн хэлбэрээр явагдсан учраас залууст тойрогтоо танигдаж амжаагүй зэрэг бэрхшээл их байсан. Өрсөлдөгчид маань ч хүчтэй, туршлагатай хүмүүс. Богино хугацаанд өөрийгөө таниулах ер нь бэрх байлаа.

Цаашид бизнесийн орчныг сайжруулж, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудыг бодитойгоор гаргах ёстой. Мөн татварын орчныг сулруулах шаардлагатай байгаа. Би өөрөө бизнес эрхлэгч хүний хувьд иргэдийн бизнес эрхлэх боломжийг сайжруулах, татварын дарамтыг багасгахын төлөө ажиллах болно" гэв. 

М.Нарантуяа: Би зан араншингаа тодорхой хэмжээнд татахыг хичээнэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намын жагсаалтын 2-рт бичигдсэн М.Нарантуяа “Би сошиалд идэвхтэй байдаг. Энэ парламентын нүүрийг тахалж дөрвөн жилийн турш сошиалд бөмбөгдүүлэх юм шиг байна. Гэхдээ энэ нь миний хувьд анхны үзэгдэл биш.

Би сошиалд элдвээр хэлүүлэх гол нь биш төлөөллийн ажлаа ухамсарлаж хариуцлагатайгаар сонгогчдынхоо итгэлийг дааж ажиллах болно.
Энэ ордон мөрөөдлийн эсвэл ид шидийн ордон биш.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд цаашлаад нийгмийнхээ сайн сайхны төлөө зөвхөн Нара биш, зөвхөн эмэгтэй гишүүд бус 126 гишүүн бүгд анхаарч ажиллах ёстой байх.

ИЗНН улс төрийн зөвлөлийн хурлаасаа хамтарсан Засгийн газарт орохгүй гэдэг шийдвэрээ гаргасан. Харин бид сөрөг хүчний ажлыг  сайн хийнэ гэдэг амлалтдаа хүрэхийг хичээнэ.

УИХ-ын гишүүн болно гэдэг нь гэнэт нэг хоногийн дотор төрөл арилжсан мэт болно гэсэн үг биш шүү дээ. Хувийн зан араншингаа тодорхой хэмжээнд татахыг хичээнэ” гэлээ. 

Ж.Золжаргал: 17 хоногийн турш гудамжаар ярьж явсан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХҮН намаас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Ж.Золжаргал “Хүмүүс намайг Их Хурал руу явуулсан. Захиасыг нь биелүүлэхийн төлөө ажиллана. Хамгийн том захиас бол ажил хийж байгаа, юм бүтээж байгаа хүмүүст татвар хэтэрхий өндөр байна. Татварыг бууруулахын төлөө ХҮН намынхан ажиллана. Аж үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжмээр байна.

Нийслэлийн оршин суугчдад орон байрны асуудал дээр олон зүйл тулгарч байгаа. Энэ бол техник үйлчилгээ бус бодлогын чанартай хэдэн зохицуулалт юм. Түүнийг нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ бол өнгөрсөн 17 хоногийн турш гудамжаар ярьж явсан зүйл маань юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" гэв. 

Д.Энхтүвшин: Энэ удаагийн УИХ-ын сонгууль нийгмийн тодорхой бүлгүүдэд боломж олгосон

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын жагсаалтын 9-рт бичигдсэн Д.Энхтүвшин “Энэ удаагийн УИХ-ын сонгууль нийгмийн тодорхой бүлгүүдэд боломж олгосон. Өмнө нь зарим бүлгүүдэд УИХ-д төлөөллөө оролцуулах боломжгүй байсан бол энэ удаагийн холимог систем ийм боломжтой болгосноороо давуу байлаа. 

Өмнө нь бизнесийнхэн гэхэд л маш олон удаа уулзалт хийж, зөвлөмж хүргүүлдэг ч амьдрал дээр хэрэгждэггүй байсан. Харин энэ удаа нэг шат ахиж хууль тогтоох байгууллагуудтай илүү ойр ажиллах боломж бүрдэж байна гэдэг утгаар МАН-аас жагсаалтаар нэр дэвших саналыг нь хүлээж авсан. 

МАН-ын мөрийн хөтөлбөрт зах зээлийг дэмжих, төрийн оролцоог багасгах заалтууд орсон. Тухайлбал эдийн засгийг 7-8 хувь тогтмол өсгөх амлалт өгсөн. Ингэхдээ ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээ 32 хувь байгааг 25 болтол бууруулна гэж заасан. Тэгэхээр төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, цэвэр зээлтэй холбоотой заалтууд дээр тодорхой хэмжээний хязгаарлалт орно. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоогоор эдийн засгийн өсөлтийг хийхгүй. Харин хувийн хэвшлийг л дэмжиж байж мөрийн хөтөлбөртөө амласан эдийн засгийн 7-8 хувийг хангана. 

Хувийн хэвшлийн өсөлтийн төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана"

Д.Пүрэвдаваа: Үндэсний эвсэл хамтарсан Засгийн газарт орохгүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний эвслээс жагсаалтын 3-рт бичигдсэн Д.Пүрэвдаваа "Ард түмэн бусад намуудыг  маш сайн сөрөг хүчин байгаасай гэж саналаа өгсөн байх. Үндэсний эвсэл сөрөг хүчний үүргээ 100 хувь биелүүлнэ.  Хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй.

Бид мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн уялдаагүй маш олон хуулийг цэгцлэх, бизнес эрхэлж байгаа иргэдэд хүндрэл учруулж байгаа хууль, эрхзүйн орчинтой тэмцэл зарлаж ажиллана" гэлээ.