Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадам Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
Наадамд БНХАУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаач болон Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ.
“Asia Folk 2024” наадмын үеэр ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа гурван өдрийн турш зохион байгуулагдана.
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр орой 19:30 цагт Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам, хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучрын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!