Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ: Үл хөдлөхийн үнэлгээгээрээ Ч.Номин, Д.Өнөрболор нар тэргүүлсэн бол "Хурд Групп"-ийн Б.Чойжилсүрэн нэг ч орон сууцгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас танилцууллаа. 

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгөөс эзэмшиж буй орон сууц, барилга байгууламжийн мэдээллийг онцлон хүргэе.

Соёлын сайд, Монгол Ардын Нам(МАН)-аас нэр дэвшиж буй Ч.Номин нийтдээ 17.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж эзэмшдэгээрээ жагсаалтыг тэргүүлж байна. Тэрбээр нийтийн зориулалтын найман орон сууц, үйлчилгээний зориулалттай зургаан үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг.

Харин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээрээ түүний араас жагссан нь мөн МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболор. 2020-2024 оны парламентад иргэдийн төлөөлөл болж сонгогдсон түүний эзэмшдэг нийтийн орон сууцны зориулалтын найм, үйлчилгээний зориулалттай гурван үл хөдлөх хөрөнгө нь нийлээд 15.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Уг нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 2020 оны сонгуульд өрсөлдөх үедээ нийтийн орон сууцны зориулалтын 12, үйлчилгээний таван үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлж байжээ. Үүнээс харвал УИХ-ын гишүүн болсноос хойш түүний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө хорогджээ.

МАН-ын бүсгүйчүүдийн араас Эх Орон Нам(ЭОН)-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгөөрөө жагсав.

Нэр дэвшигчдийг эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлэхэд жагсаалтын эхний 30-д буй хүмүүсийн 15 буюу 50 хувь нь МАН-ын нэр дэвшигч, долоо нь Ардчилсан Нам(АН)-ын нэр дэвшигч, бие даагч хоёр, ХҮН намаас нэр дэвшигч нэг, ЭОН-аас нэр дэвшигч нэг, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам(ИОНН)-ын нэр дэвшигч нэг, Үнэн Ба Зөв Намын нэр дэвшигч нэг, Иргэний Хөдөлгөөний Намын нэр дэвшигч нэг, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч нэг байна. 

Харин 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээс 321 нь ямар нэг үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Тухайлбал МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд, "Хурд Групп"-ээр овоглодог Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшигч "Улаан бал" нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу, ИЗНН-аас нэр дэвшигч Нара буюу М.Нарантуяа нар өөрийнх нь нэр дээр ямар нэг үл хөдлөх байхгүй гэжээ. 

Тэгвэл хамгийн олон орон сууцтай нь бие даан нэр дэвшигч Ц.Батаа байна. Тэрбээр 12 орон сууцтайгаа ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн Ч.Номин, Д.Өнөрболор нар тус бүр найман орон сууцтай бол АН-аас нэр дэвшигч Э.Тамир, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Ц.Гантулга, Л.Өнөрбаяр, ИХН-ын нэр дэвшигч А.Уранчимэг нар зургаан орон сууцтай байна. 

Уншигч та "Сонгууль 2024" хуудаснаас сонгуультай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.

График, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж буй хамгийн өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй 30 хүн, дүн мянган төгрөгөөр