Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Шинэчилсэн хуулийн төсөл хэрэгжсэнээр допингийн эсрэг дорвитой арга хэмжээ авна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд зориулж өнөөдөр "Биеийн тамир, спорт - Шинэ Сэргэлт" улсын зөвлөгөөн боллоо.

Улсын зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурал (УИХ)-ын, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга болсон, залуу жүдоч Б.Баасанхүү нарын эрхмүүд уригдсан юм.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газар 2022 онд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо гэсэн шинэ бүтцийг байгуулснаар энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Тухайлбал Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болжээ. Энэ төсөлд манай салбарын шийдвэрлэх ёстой олон асуудал багтсан. 

Одоогийн мөрдөж буй хууль нь таван бүлэг, 29 зүйлтэй бол шинэчилсэн найруулгаар найман бүлэг, 41 зүйлтэй болгож агуулга бүтцийнх нь хувьд илүү өргөтгөсөн билээ.

 Допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан заалт цөөн, оролцогч талуудын чиг үүрэг тодорхой бус байдгаас шалтгаалан олон бэрхшээл үүсдэг.

Энэ асуудлыг зохицуулахаар Дэлхийн Допингийн Эсрэг Төв (WADA)-ийн үйл ажиллагаатай уялдуулахаар хуулийн төсөлд допингийн талаар бие даасан бүлэг оруулсан. 

Түүнчлэн иргэдэд бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгоор сум, дүүргийн хороонд биеийн тамирын аргазүйч ажиллуулахаар тусгасан байна.

Хүний эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенц, түүнийг дагах зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир спортын байгууллага өөрийн албан ёсны орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг үүрэг болгосон заалт оруулжээ.

Мөн төрөөс татварын бодлогоор хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих бодлогын хүрээнд зарим заалт нэмэгдсэнийг онцлох нь зөв болов уу.

Допингийн эсрэг үйл ажиллагаанд бодлогын түвшинд гарсан өөрчлөлтийг онцолбол "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийг 2022 онд баталсан

Уг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Үндэсний Допингийн Эсрэг Төв (МҮДЭТ)-ийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, засаглалын ил тод, санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож, допингийн шинжилгээ авах, хариу илгээх үйл явцад хараат бус байхад онцгойлон анхаарлаа.

Биеийн тамир спортын салбарын 700 гаруй ажилтны цалингийн зөрүүг арилгахын тулд төрийн мэргэжлийн үйлчилгээний зэрэглэлд шилжүүлснээр цалингийн хэмжээ 40-60 хувь нэмэгдлээ" гэж ярьсан юм.

"Парис 2024" олимпод 25.8 тэрбум төгрөг зарцуулна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр "Биеийн тамир спортын салбарт улсын хэмжээнд 2,272 байгууламж, 4,000 гаруй мэргэжлийн хүний нөөц ажиллаж, давхардсан тоогоор нэг сая гаруй хүнийг биеийн тамир спортын арга хэмжээнд оролцуулж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж буй тул түүний зөвлөх Я.Төмөрбаатар илгээлтийг нь танилцууллаа. Тэрбээр "2021 онд зохион байгуулагдсан "Токио 2020" олимпод зориулж 11.7 тэрбум төгрөгийн төсөв баталж байсан бол удахгүй болох "Парис 2024"-т 25.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн" гэж онцоллоо.

"Хүний нөөцийн дутагдалтай байгааг тоон баримтууд харуулж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн БТСУХ-ны Бодлого Төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл байгууллагынхаа цаашдын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэв. Тэрбээр "Одоогийн төрийн захиргааны байгууллага нь 1921-1936, 1960-1979 онд олон нийтийн байгууллага, 1994-2004, 2012-2016 онд төрийн үйлчилгээний байгууллага статустай ажилласан. Харин 2012 оноос төрийн захиргааны төв байгууллагатай болсон. Төрийн захиргааны байгууллага байхад удирдлагуудын дундаж хугацаа 5.8 жил, төрийн захиргааны төв байгууллага болсноос хойш 2.4 жил байна.

Засгийн газрын 2018 онд батлагдсан 247 дугаар тогтоолоор жил бүр улсын хилээр орж ирдэг 32 спортын төрлийн 701 бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь манай салбарын болон бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болж ирсэн. 

Спортын холбоо, клуб, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хэдий хэмжээний орлого олж, зарлага гаргадаг, татвар хэдийг төлж, ямар хэмжээний хандив орж ирдэг зэрэг нь тодорхойгүй, нуугдмал байдалд байна. Үүнийг илүү тодорхой болгосноор манай салбарын нийгэмд үзүүлэх нөлөө, үнэлэмж дээшлэхэд нэмэр болно. 

Манай салбарт одоогийн байдлаар 907 албан хаагч ажиллаж байна. Үүнээс удирдах ажилтан нь 8.4 хувь, аргазүйч 7.1 хувь, дасгалжуулагч 15.1 хувь, мэргэжилтэн 18.6 хувь, захиргаа санхүүгийн ажилтан 11.8 хувь, үйлчилгээ, аж ахуйн ажилтан 34.5 хувийг эзэлж байна. Харин эмч болон бусад ажилтан 1.7 хувьд хүрдэг. Үүнээс харахад нийт ажиллаж буй хүмүүсийн 49.2 хувь нь биеийн тамир, спортын чиглэлийн алба хаагчид ажилладаг гэсэн тооцоо бий.

Насны бүлгээр нь авч үзвэл 24-54 насныхан зонхилж байгаа бол нийт ажиллаж буй хүмүүсийн дийлэнх буюу 50-аас дээш хувь нь 1-5 жил ажиллаж байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс үзвэл тогтвортой ажиллах хүчин бэлдэхэд дутагдалтай байгааг харж болно" гэлээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг