Монгол, Вьетнам иргэд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 оны арваннэгдүгээр сард байгуулсан.
Тодруулбал дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү хэлэлцээр хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж, иргэд визгүй зорчиж эхлэх талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр "Уг асуудал Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн. Вьетнамын талд энэ тухайгаа ноот бичгээр мэдэгдсэн байгаа.
Одоо тус улсын Засгийн газар хэлэлцэж, манай талд ноот бичгээр мэдэгдэх олон улсын эрхзүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл Вьетнам улсаас ноот бичгийг хүлээж байгаа, энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байна. Нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болохоор Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны consul.mn сайт дээр албан ёсны мэдээлэл гарна. Үүнээс гадна тус сайт дээр гадаадад зорчихоос өмнөх зөвлөмжүүд болон анхаарах зүйлсийг нийтэлдэг тул иргэд мэдээлэл авч байхыг зөвлөе" гэв.
Харин Монгол, Эмират улсын иргэд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 30 хоног харилцан визгүй зорчихоор болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!