"Нүүрсний хулгай"-н нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 8-ныг дуустал үргэлжлэх уг сонсголын эхний өдөр орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүд асуулт асууж, гэрчүүд хариулж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ байгууллагын үйл ажиллагаа компанийн хуулиар явж байгаа байх. Компанийн хуульд их хувьцаа эзэмшигч, бага хувьцаа эзэмшигч хоёр нь хоорондоо ярилцаж, удирдлагын багаа сөөлжилдөг. Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн дарга, Гүйцэтгэх захирал хоёрыг хоёуланг нь нэг тал нь мэдчихсэн үү, сөөлжилсөн үү. Яаж томилцгоосон бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Би төрийн албан хаагч бөгөөд өнгөрсөн хавар 51 хувийг төлөөлж ТУЗ-д сонгогдсон. ТУЗ-ийг сонгохдоо тухайн үеийн улс төрийн нам, бүлгүүд зөвшилцдөг. Олонх болсон нам, эвслээс сонгогддог.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та хамгийн сүүлд олонхын талд, Өмнөговь аймгийн иргэдийн хурлын төлөөллөөс сонгогдсон гэлээ. Өмнө нь та аль компанид ямар алба хашиж байсан бэ, тэр үедээ аль талаас сонгогдож байсан бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Өмнө нь сонгогдохдоо чөлөөт иргэн байсан. ИТХ-д сонгогдоогүй, хувийн хэвшлээс сонгогдсон. 2004-2008 оны хавьцаа сонгогдсон.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2004-2008 онд иргэн байхдаа аль талаас сонгогдсон бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Хувийн хэвшлээс.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та "Ажнай" корпорацыг төлөөлж сонгогдож байсан уу?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Тийм, гэхдээ дөрвөн жил ажиллаагүй. Оныг нь сайн санахгүй байна. Жил орчим ажилласан.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дараа нь хэзээ сонгогдсон бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: 2011-2012 оны үе байх.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2011-2012 онд та юу хашиж байсан бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Иргэдийн хурлын дарга, төлөөлөгч байсан.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 51 хувийн талаасаа хоёр дахь удаагаа сонгогдож байсан юм байна. Гурав дахь удаагаа яасан бэ?
"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Батчулуун: Төрөөс, 51 хувь талаасаа сонгогдож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!