"Улаанбаатар" олон улсын кино наадам "Хангарьд" шагнал гардуулах ёслол болон нээлтийн үзвэрээр эхлээд буй.
Монголын хамгийн том кино наадам болох “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 16-22-нд нийслэл хотноо болж байгаа юм. Уг наадмын хүрээнд нийт 20 орчим улсын 22 кино олны хүртээл болно.
15 дахь жилдээ зохиогдож буй уг наадам баримтат киноны хэсгээр хөтөлбөрөө тэлж байгаа төдийгүй гурван кинотеатрт үзвэрүүдээ зохион байгуулж, цар хүрээгээ өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, “Тэнгис” кинотеатраас гадна “Өргөө” кинотеатрын III салбар болон “Гэгээнтэн”-д гарах аж.
Саяхан болж өндөрлөсөн Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгаран, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл нь “Шилдэг эрэгтэй дүр” шагнал хүртсэн “Сэр сэр салхи” УСК энэ удаагийн наадмыг нээсэн билээ. УБОУКН дөрөв дэх жилдээ XX зууны, сор болсон монгол бүтээлээр имижээ бүрдүүлсэн онцлогтой. Мөн Энэ жилийн хувьд, 1963 онд Б.Жамсран найруулагчийн бүтээсэн “Аман хуур” кино сонгогдож, англи хадмалтайгаар өргөн дэлгэцээр хүрэхэд бэлэн болжээ.
“Хангарьд” монгол киноны уралдаан энэ жил өргөжиж, нийт 12 төрлөөр шагнал хүртээсэн билээ.
Наадмын шагнал гардуулах ёслол болон нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!