ТӨСВИЙН ТӨСӨЛ 2024: Хэнтий аймагт хуваарилагдсан хөрөнгө оруулалтын дүн дунджаас ГУРАВ ДАХИН ИХ байна
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт 3.3 их наяд төгрөг төсөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэж байна.
1,050 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн 48.5 хувь шилжих, 51.5 хувь нь шинэ төсөл юм.
Онцлох төслүүд нь
- 140 тэрбум төгрөгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барих
- 20 тэрбум төгрөгөөр алслагдсан 191 багийг харилцаа, холбооны дэд бүтцэд холбох
- 30 тэрбум төгрөгөөр "Шинэ Хархорум" хот байгуулах судалгаа, Техник, Эдийн Засгийн Үндэслэл, зураг төсөв боловсруулах
- Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 140 сургууль, 128 цэцэрлэг, 65 эмнэлэг, соёлын төв, музейн нийт 51 барилга барих
- Аймгуудад авто зам барих зэрэг юм.
Төсөл хэрэгжүүлэх газар зүйн байршлыг харвал Хэнтий аймагт өмнөх жилүүдийн адилаар хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх нь. Тодруулбал 42 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нийт 255 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Хэнтий аймагт оноож буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь аймгуудын дунджаас ГУРАВ ДАХИН ИХ байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тус аймаг улсдаа тогтмол тэргүүлж байгаа юм.
Тухайлбал 2021 онд 125.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлсэн бол дараа онд нь бараг хоёр дахин өсөж 214.5 тэрбум төгрөг болж байв. Энэ онд Хэнтий аймагт 270.7 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийж буй бол ирэх онд 255 тэрбум төгрөг төсөвлөв.
Бусад аймагт харьцуулбал
- хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ улсдаа хоёрдугаарт жагсаж буй Төв аймгаас Хэнтий жил дараалан 1.5 дахин өндөр дүнгээр төсөл, арга хэмжээнүүд хэрэгжүүлдэг
- Хэнтий болон Завхан аймгийн иргэдийн тоо ойролцоо боловч сүүлийн дөрвөн жилийн төсвийг нь харьцуулбал Хэнтий аймгийнх Завханаас тав дахин их дүнтэй байгаа юм.
Энэ нь "төрийн хишиг"-ийг бусдаасаа илүү хүртэж буйг нь илтгэх мэт.
Түүнчлэн аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийн мөнгөн дүнг хүн амд нь харьцуулахад Хэнтий аймгийн нэг иргэнд оногдох хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3.2 сая төгрөг байна.
Мөн Говьсүмбэр аймгийн нэг иргэнд оногдох хөрөнгө оруулалтын хэмжээ энэ онд 600 мянган төгрөг байсан бол ирэх онд 2.3 сая төгрөг болж байгаа нь аймгууд дундаа хоёрдугаарт жагсах үзүүлэлт юм. Тус аймагт ирэх онд 16 төсөл хэрэгжүүлэхэд 41 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
