Ханжоу 2022 Азийн наадамд амжилттай оролцсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ баг өнөөдөр эх орондоо ирлээ.
Манай улсын эрэгтэй шигшээ баг тус Азийн наадмын мөнгөн медалийн төлөө Катартай тоглож 21:13 харьцаатайгаар ялагдсан. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын шигшээ багтай тоглож сүүлийн минутад тооны харьцаа 20:20 байх үед М.Өлзий-Орших нэг онооны довтолгоо амжилттай гүйцэтгэснээр хожсон юм.
Тус тоглолтод манай улсын эрэгтэй шигшээ баг нэг онооны довтолгоог 80 хувьтай, хоёр оноог 26 хувьтай гүйцэтгэсэн юм. М.Сүхбат 6:03 тоглохдоо 10 авч багаа тэргүүлсэн билээ.
Харин Эмэгтэй шигшээ баг мөнгөн медалийн төлөө Тайваны шигшээтэй тоглож 21:20 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан бөгөөд сүүлийн оноог Ц.Болорцэцэг чөлөөт шийдэлтээс авч байв.
Алтан медалийн төлөө БНХАУ-ын шигшээ багтай тоглож 21:12 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Тус тоглолтод манай улсын эмэгтэй шигшээ баг нэг онооны довтолгоог 50 хувьтай, хоёр оноог 15 хувьтай гүйцэтгэж, Б.Ариунцэцэг 5:50 тоглохдоо зургаан оноо авч багаа тэргүүлсэн.
Ийнхүү 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн хүртсэн мөнгө, хүрэл медаль нь Монгол Улс Ази тивийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа багийн спортод амжилт гаргасан анхны үйл явдал байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!