Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр АН-ын гишүүд болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
С.Зориг агсан одоогоос 25 жилийн өмнө яг энэ өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Түүний дурсгалд зориулж 1999 онд Б.Дэнзэнгийн эх загвараар, тус хөшөөг хүрлээр цутган хийсэн аж.
Түүнээс хойш жил бүр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Өнөөдрийн цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарын төлөөлөл оролцов.
Цэцэг өргөснийхөө дараа АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт АН-ын индрээс "Одоогоос 25 жилийн өмнө ардчилсан холбооны анхны зохицуулагч С.Зоригийн амь насыг албан ажлаа гүйцэтгэж байхад нь бүрэлгэсэн. Монголчуудын хувьд харамсалтай, гунигтай дурсан санаж явах өдөр юм.
Энэ хөшөө нь хүндэтгэл боловч сануулга өгч байдаг. Монголын ардчилал амархан олдоогүй. Ардчиллыг үргэлж хайрлаж хамгаалахгүй бол байнга оршин тогтнодог зүйл биш.
Хүний эрх, хувийн өмч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байхын төлөө бид үргэлж тэмцэж байх ёстой. Энэ бол зөвхөн АН-ын үүрэг бус хүн бүрийн үйлс юм.
Манай улсын хууль хүчний байгууллага 25 жилийн хугацаанд тус хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй нь маш харамсалтай. Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш, төр засагтаа итгэлтэй байх тогтолцоог бий болгохын тулд энэ хэргийн эзэн холбогдогчийг олох ёстой.
С.Зоригийн монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэнчлэн бид улсынхаа хөгжил дэвшилд итгэдэг. Үүний төлөө тууштай ажиллах болно" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|