Сингапурын аялал жуулчлалын гол цэгийн нэг “Gardens by the Bay” цогцолборт өчигдөр Монголын байгаль, соёл, уламжлал, нүүдэлчдийн аж амьдралыг сурталчилсан үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам Сингапурын “Gardens by the Bay” цогцолбортой хамтран тус цогцолборын “Цэцэгсийн хүрээлэн”–д зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, дээрх цогцолборын гүйцэтгэх захирал Феликс Ло нар тус тус үг хэлж, нээлтийн арга хэмжээнд Сингапурын Ерөнхий сайдын Ажлын албаны сайд бөгөөд Гадаад хэрэг, боловсролын асуудал хариуцсан хоёрдугаар сайд доктор Mохамад Малики Осман, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, дипломат корпус, Сингапур болон Филиппин улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 190 гаруй хүн оролцов.
Мөн нээлтэд Монголын уран бүтээлчид оролцож, морин хуурын ая эгшиглүүлэн хөөмий, уран нугаралтын үзүүлбэрүүдийг толилуулж, монгол уран бичлэгээр ирсэн зочдын нэрсийг бичин дурсгал болголоо.
Үзэсгэлэнд тусгайлан хийсэн бүрэн тавилгатай монгол гэр, монгол үндэсний хувцас дэлгэн тавигдсаны зэрэгцээ манай үндэсний цэцэг болох бэр цэцэг, цагаалзай (тунхуу) зэрэг Монгол оронд ургадаг олон зүйлийн цэцгийг “Gardens by the Bay” цогцолборын мэргэжилтнүүд тарьж ургуулсан юм. Мөн Монгол орны байгалийн үзэмжит газруудын нэг болох Улаан цутгалангийн хүрхрээ, морь хөтөлсөн монгол малчин болон таван хошуу мал зэргийг загварчлан хийж тавилаа. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд сингапурын мэргэжилтнүүд энэ оны зургаадугаар сард Монгол Улсад зочлон ажилласан юм.
“Gardens by the Bay” цогцолборт жилд 14 сая хүн зочилдгоос 4.2 сая нь “Цэцэгсийн хүрээлэн”-г үзэж сонирхдог тул нийт 500 мянган орчим хүн арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл дэлгэгдэж буй уг үзэсгэлэнг сонирхож, Монголын соёл, уламжлал, аж амьдралтай танилцана гэж Сингапурын тал тооцоолж байна.
Үзэсгэлэнг зохион байгуулахад Монголын “Талент Снайп” цахим платформ болон МИАТ ХК тус тус дэмжлэг үзүүллээ хэмээн Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!