Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо болон Хараагүйчүүдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлагыг хүргүүлж буй.
Шаардлагын хариуг 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дотор өгөхгүй, асуудалд тоомжиргүй хандаж үл тоох аваас аравдугаар сарын 12-ны өдрөөс тэмцлийн үйл ажиллагаанд шилжих болно гэв.
Монгол Улсын төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч зарим шаардлагатай хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг гаргаж байгаа боловч хэрэгжилт туйлын хангалтгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд бодитой үр дүн гарахгүй байна гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны төлөөлөл онцоллоо.
Шаардлагын тухайд:
2019 оноос саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл, 2020 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус боловсруулж байгаа боловч Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд солигдох бүрийд дахин дахин эхнээс нь боловсруулсаар өнөөг хүрлээ.
Мөн 2018 онд байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй, үйл ажиллагааны чиглэл тодорхой бус, бүтэц зохион байгуулалт оновчгүй байгаагаас гадна тус газрын даргаар 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилон ажиллуулсаар байна.
Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын байр бий болгох зориулалт бүхий хөрөнгийг бүрэн зарцуулалгүйгээр 2021 онд нэг тэрбум 900 сая, 2022 онд нэг тэрбум 560 сая төгрөгийг улсын төсөвт буцаан татуулснаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын байр бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог санхүүгийн дэмжлэгийг 2017 онд, аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн дэмжлэгийг 2019 онд, ХБИ-н эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгийг 2021 онд тус тус эргэн төлөлтэй зээл болгосон зэрэг зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
- НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, МУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хохироож байгаа төрийн зарим албан тушаалтанд хариуцлага тооцох. /ХНХЯ-ны газрын дарга, түүнээс дээш албан тушаалтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах/
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоор хэрэгжүүлэх үүднээс салбар дундын зохицуулалтыг хангах чадамжийг бий болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол улсын ерөнхий сайдын харьяанд шилжүүлж, засгийн газрын тохируулагч агентлаг болгон бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, удирдлагаар нь нэн даруй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилон ажиллуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай, монгол дохионы хэлний тухай болон ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулиудын төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж Улсын Их Хурлаар батлуулах.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн тэтгэврийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэх буюу 550.000 төгрөгт хүргэн нэмэгдүүлэх,нийгмийн даатгалын шимтгэл төлж байна гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг хасаж байгааг зогсоож холбогдох журамд нэн даруй өөрчлөлт оруулах
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 30 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангаж буй байгууллага хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ,бүтээгдэхүүнийг тендергүйгээр шууд худалдан авах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл хөтөлбөр үйл ажиллагаа арга хэмжээг улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх тохиолдолд тендергүйгээр шууд гэрээ байгуулах зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж хэрэгжилтийг хангах
- “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалт, Хөгжлийн Төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын техник, технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ ажлын байр бий болгоход шаардагдах 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгах. Мөн тус төвийг Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпорац болгон зохион байгуулж, барилга, байгууламжийг дахин төлөвлөж орчин үеийн жижиг, дунд үйлдвэр, судалгаа хөгжлийн төвийн цогцолбор байгуулах асуудлыг шийдвэрлэх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээлт, бие даан амьдрах түүнчлэн сургуулийн өмнөх болон мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө дагнан үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төрийн бус байгууллагуудад олгогдсон зээлийн эргэн төлөлтийг хүчингүй болгох, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих санд төсөвлөгдсөн хөрөнгийн 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах асуудлыг шийдвэрлэх.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлдог олон улсын аргачлалыг нэн даруй нэвтрүүлж,
- НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос МУ-д ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих бие даасан механизмыг бий болгож, хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрах, хүртээмжтэй орчин, хэрэгцээт тохируулга, улс төрийн оролцоо,зэрэг чиглэлүүдээр салбарын стратеги боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, үндэсний, дэд, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгож, зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг тухайн салбарын жилийн төсөвт тусгаж байх.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн туслах ажилтан, дохионы хэлмэрчийн зардлыг асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын жил бүрийн улсын төсөвт тусгаж байх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан төсөвлөгдсөн хөрөнгө, санхүүгийн зарцуулалтад хяналт тавих үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлыг холбогдох хуулиар баталгаажуулж бодитоор хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
Дээрх шаардлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд та бүхэнтэй биечлэн уулзах хүсэлтэй байна хэмээжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!