"Илүү их уншъя" уриатайгаар 34 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдрийн бороотой хамт эхэллээ. Уг арга хэмжээ энэ сарын 17-нийг хүртэл төв талбайд үргэлжлэх юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.
Энэ удаагийн номын баярын онцлох зочдын нэг нь "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа юм.
Тэрбээр "Нэпко" болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран хэрэгжүүлж буй "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийн хүрээнд уригдан ирэхээр болсон билээ.
Үй Хуагийн монгол уншигчидтай хийх "Зохиолч уншигчийн уулзалт" нь энэ сарын 16-нд 16:00 цагаас гурван цагийн турш Соёлын Төв Өргөөнд болох аж. Тасалбарыг ticket.mn хаягаар худалдан авах боломжтой юм байна.
Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ.
номын баярын бусад хүндэт зочид
- Оросын зохиолч Анастасия Игоревна Строкина: Оросын хүүхдийн уран зохиолын орчин үеийн төлөөлөгч, Москвагийн Зохиолчдын Эвлэлийн гишүүн. Тэрбээр 2015 онд хэвлүүлсэн "Халим хойд зүгт нисдэг" хүүхдэд зориулсан анхны өгүүллэгээрээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан залуу уран бүтээлч.
- Оросын зохиолч Игорь Сид: Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, антропологич, аялагч, Африк судлаач, олон улсын соёл, судалгааны төслүүдийн санаачлагч.
- Өмнөд Монголын зохиолч Сономцэрэн: Хятад хэлээр туурвидаг залуу зохиолчдын шагнал "Хөх арвай", "Улаан шош", Цинхай мужийн залуу зохиолчдын шагнал, Лү Сюний нэрэмжит найм дахь удаагийн уран зохиолын дээд шагналын эзэн.
- Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич: "Монголын бичиг соёлын талаар Буриадад материал, эх сурвалж маш ховор байдаг учир ОХУ-д монгол бичгийг илүү үр дүнтэй бөгөөд өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэхийн тулд цагаан толгой зохиох санаа төрсөн юм. Үүний цаана буриадууд бол монгол туургатны нэгэн хэсэг гэдгийг таниулах давхар тээсэн хэмээжээ.
- Хятадын зохиолч Хань Зин Хүй: 30 гаруй бүтээл туурвин олны хүртээл болгосноос дийлэнх роман нь Хятадын төв телевиз зэрэг нэр хүндтэй байгууллагуудын дэлгэцийн бүтээл болон түмэнд хүрээд байна.
- Оросын түүхч, соёл судлаач Анна Эспарса: "Зууны нууц ба баатрууд: Парисын нийтлэгдээгүй архивууд" болон "Ирээдүй одоо: Гэгээрүүлэх тухай яриа" цуврал номын редактор.
- Оросын утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский: Лев Толстой, Максим Горький нарын зохиол бүтээлүүдэд бичсэн шүүмж нийтлэлээрээ утга зохиол сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн.
- Халимагийн түүхч Захаров Басан: Халимагуудын түүх соёлоор "өвчилсөн" учир 2009 онд ажлаасаа гарч, үндэснийхээ өв соёлд бүрэн шимтжээ. Өдгөө тэнгризмийн гайхамшигт түүх, оюун санааны үнэт зүйлсийн талаар судалж, дэлхийн монголчуудад таниулан сурталчлах үйлсэд идэвхтэй зүтгэж буй.
- Оросын зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатрина Барбаняга: "Авьяас: урлаг, уран сайхны авьяастай хүүхэд, залуучуудад зориулав" төслийн санаачлагч бөгөөд удирдагч.
- Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров: 2019 онд бичиж хэвлүүлсэн "Средняя Эдда" улс төрийн триллер зохиол нь Үндэсний бэстселлер төдийгүй "Большая книга", олон улсын "Ясная Поляна", Новые гризонты" шагналуудын шилдгүүдийн тоонд багтаж байжээ.
- Оросын зохиолч Шамиль Идиатуллин: "Коммерсантъ" сонины бүс нутгийн редакцийн хэлтсийн тэргүүн тэрбээр Оросын утга зохиолын дээд шагнал болох "Большая книга"-г хоёр ч номоороо хүртсэн зохиолч.
Жил бүр номын баярт оролцох, зорин очих иргэдийн тоо нэмэгдэж, хүрээлэл тэлсээр байгаа юм. Тухайлбал 33 дахь удаагийн номын баярын үеэр хийсэн судалгаагаар оролцогчдын 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэй уншигчдын тоо өнгөрсөн жилээс нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн Номын гэрэлт ертөнц ТББ-аас мэдээлж байв.
Мөн уншигчдын 88.4% нь цаасан ном уншихыг илүүд үздэг ба нэг жилийн хугацаанд худалдан авсан номын тоо найм болж өссөн байна.
Үндэсний номын баярын 33 дахь удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард “Илүү их уншъя” уриатайгаар болж байв.
фото:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!