Өнөөдөр 10:30 цагийн орчимд Сэлбэ голын далан дахин сэтэрснээс “Улаанбаатар буян” компани, S'Outlet худалдааны төв орчмын айл өрх, албан байгууллагуудын гадна талбай усаар дүүрчээ. Голын урсцыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрнүүдийг нураах шаардлага үүссэн болохыг Хотын удирдлагууд хэлж байна. Дээрх байршилд байгаа иргэдийг завиар нүүлгэн, шилжүүлж байгаа аж.
"Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үер, усанд өртөөд байгаа зургаа, өртөж болзошгүй 20 барилга байгууламж байна. Эдгээр барилгад 7,000 орчим хүн бий. Одоогоор бид барилга байшингийн зоорийн болон нэгдүгээр давхраас эд хогшлыг зөөж гаргах, хүмүүсийг дээш нь шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байгаа.
Харин дүүргийн 13,14 дугаар хороонд байдал хүндэрч байна. Тухайлбал Сэлбэ дэд төвийн станцад ус нэвчсэн гэсэн мэдээлэл ирлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаа орчимд 50 айл өрх усанд автсан, 150 өрхийг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах арга хэмжээ аваад байгаа"-г дүүргийн Засаг дарга хэлэв.
Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил, Сүхбаатар дүүргийн хоёр байршил, Баянзүрх дүүргийн нэг байршил, Баянгол дүүргийн нэг байршил, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн нөхцөл байдал хүндэрчээ.
Эдгээр байршилд холбогдох байгууллагын 1,050 ажилтан, алба хаагч, 40 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!