-Баянхонгор аймгаас мэдээлж байна-
Баянхонгор аймагт хүүхдийн зуны спортын долдугаар их наадам зохион байгуулагдаж байна.
21 аймаг есөн дүүргийн 7,000 гаруй тамирчин оролцож буй тус наадмын баг тамирчдын байрласан орчин болон өдрийн хоолны талаар сурвалжиллаа.
Тэмцээнд оролцож буй баг тамирчид аймаг, сум, дүүргээрээ Баянхонгор аймгийн таван сургууль, 16 цэцэрлэгт байрлаж байгаа юм.
Тус аймгийн "Номгон" дунд сургуулийн анги танхимуудад Өмнөговь, Сүхбаатар аймгийн хүүхдүүд байрлаж байна. Гаднаас нь харахад нэг ангид 10-17 хүүхдийг байрлуулж, модон шалан дээр хивс тавиад зузаан гудас дэвссэн харагдана. 20 орчим хүүхэд байрлаж байгаа учир гутал, хувцас нь хөглөрсөн ажиглагдав.
"Номгон" дунд сургуулийн хичээлийн танхимд байрлаж буй хүүхдүүдээс хэр тав тухтай байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр "Манай Өмнөговь аймгийн хүүхдүүд гурван хэсэгт хуваагдан ирнэ. Эхний хэсгийн 40 гаруй хүүхэд "Номгон" сургуулийн хичээлийн гурван танхимд хуваагдан байрлаж байгаа. Нэг ангид багштайгаа 16 хүүхэд байрласан. Зузаан матрасс гаргаж өгсөн учраас дээр нь мишок дэвсээд унтдаг. Энэ анги том учраас нэг их чихэлдэхгүй байгаа. Ерөнхийдөө тав тухтай сайхан байна.
Эрэгтэй ариун цэврийн өрөөний ус нь хэтэрхий хүйтэн санагдсан. Гаднаас харахад жижигхэн юм шиг атал орой унтахад сэлүүхэн байдаг. Хоол нь бага жаахан учраас өлсөж байгаа. Хэрэв өлсөөд байвал дэлгүүрээс юм авч ирээд идчихдэг" хэмээн ярив.
Нэг хүний хэдэн төгрөгөөр байрлаж буйг асуухад аймгаас зардал гаргасан учраас сайн мэдэхгүй байгаа хэмээн хариуллаа.
"Номгон" сургуулийн хоёрдугаар давхарт Сүхбаатар дүүргийн тамирчид таван танхимд хуваарилагдан оржээ. Тэмцээнд ороогүй хүүхдүүд амарч байгаа харагдав. Тэднээс хоол болон халуун усны талаар асуулаа.
Тэрбээр "Энэ ангид таван өдөр байрлана гэсэн. Хувцас угаах газар байхгүй учир жаахан хэцүү. Халуун усанд орох газар гаргаж өгөөгүй. Хүйтэн ус бол байгаа. Тэмцээнд оролцоод хөлс гарсны дараа усанд орох газаргүй учир сэтгэл дундуур байгаа. Одоогоор зөвхөн суга, толгой, хүзүүгээ угаагаад байж байна.
4-5 өдөр усанд орохгүй байна гэхээр тун эвгүй. Бид өөрсдөө зөөврийн хөнжил гудастай ирсэн. Түүнийгээ дэвсээд унтаж байна. Эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа ангид хуваарилагдсан" гэж ярив.
Харин Увс аймгийн баг тамирчдаас сургуулийн дотуур байранд байрлаж буй талаар тодрууллаа.
Тэрбээр "Бид энэ сарын 23-н хүртэл гуравдугаар сургуулийн дотуур байранд байрлана. Дотуур байрны орчин бол хангалттай сайн, хоолны амт чанар гоё байгаа. Нэг хүүхдийн өдрийн гурван хоолны зардал гэж 30,000 төгрөгийг аймгаас гаргадаг гэсэн. Оройхондоо гадуур гарч халуун ус хайх санаатай байна" хэмээн хариуллаа.
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Тэмцээн 10 хоногийн хугацаанд болох учир хүүхдүүдийн орон байр болон хоолыг таван сургууль, 16 цэцэрлэгт хуваарилж өгсөн. Манай аймгийн сургууль, цэцэрлэгүүд нь стандартын хоол, орон байртай. Тэмцээнд ирж буй хүүхдүүдийн байр хоолны зардлыг тухайн аймгийн Засаг дарга нар хариуцдаг. Тиймээс нэг хүүхдэд зориулсан багц гаргаж аймаг бүрд санал болгож байгаа" хэмээн ярьж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!