-Баянхонгор аймгаас мэдээлж байна-
7,000 хүүхэд оролцож буй Хүүхдийн зуны спортын долдугаар их наадмын нээлт Баянхонгор аймгийн спортын төв талбайд өчигдөр боллоо.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн спортын их наадам нь анх удаа орон нутагт болж байгаа аж.
Нээлтийн үйл ажиллагааг олон улсын спортын наадмын жишгээр 21 аймаг есөн дүүргийн бүх тамирчин, 325 дасгалжуулагч, 328 шүүгч, 100 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Тэмцээнд оролцогчид Баянхонгор аймгийн спортын талбайд жагссан юм.
Хүүхдийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр "Монгол Улсын түүхэнд анх удаа хүүхдийн зуны спортын их наадмыг орон нутагт зохион байгуулж байна. Аль ч улс, орны ирээдүй бол хүүхэд, залуус байдаг. Хүн амын 70 орчим хувийг хүүхэд, залуус бүрдүүлж байна. Монгол Улс хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийд тэг голд нь байна. Манай улсын хүн амын 70 хувийг хүүхэд залуус эзэлж байгаа нь хөгжил, ирээдүйн маш том боломж байна гэсэн үг. Маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө би гэх үзлээс ухарч бид гэсэн үзлийн суурь байх ёстой.
Хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулах Засгийн газрын шийдвэр нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай ирээдүйн монголыг бүтээх, урам зоригийг нь бадраах эрхэм зорилготой юм. Энэ удаагийн Хүүхдийн спортын наадамд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчид анхан шатанд өрсөлдсөнөөс 7,000 гаруй шилдэг тамирчин шалгаран оролцож байна. Та бүхэн хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрөө өөрийгөө ялах нь хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Та бүхэндээ амжилт хүсье" хэмээн хэллээ.
Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан НҮБ-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нээлтэд оролцож, баг тамирчдад амжилт хүсэв.
Хүүхдийн зуны спортын их наадмын бамбарыг Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, улсын начин Э.Батмагнай нар асааснаар албан ёсоор эхэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!