Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтыг өнөөдөр 16:00 цагт зохион байгууллаа.
Болзошгүй газар хөдлөлтийн дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цуглаж, гамшгийн сургуулилалт хийсэн юм. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэж, аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулилалтыг зохион байгуулсан байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Сургуулилалтын бодлогын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулилалтыг зохион байгуулна.
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулилалт болох юм" гэдгийг өмнө нь хэлж байв.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар дуут дохиог гурван удаа дамжуулсан юм.
Энэхүү дадлага сургуулилалттай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнийг 15:55-16:10 хүртэл 15 минутын хугацаатай түр хаасан.