Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд болж буй соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн өдөрлөг үргэлжилнэ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүд өнөөдөр, маргааш Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн өдөрлөг зохион байгуулж байна. 

Уг өдөрлөгийн үеэр Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Кино Урлагийн Дээд сургууль, Сити их сургууль, Урлах эрдэм дээд сургууль болон бусад сургалтын төвүүд хамтран оролцож өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн шалгалтын бүртгэл зэргийг зохион байгуулж байна. 

Тус өдөрлөгт оролцож буй зарим сургуулиудын танилцуулгаас: 

Циркийн мэргэжлийн сургууль наймдугаар ангиас эхлэн элсэлтээ авдаг

Монгол Улсын Консерваторийн циркийн мэргэжлийн сургууль нь акробат тэнцвэр, акробат үсрэлт, жонглёр, гимнастик, тэнцвэр гэсэн таван чиглэлээр мэргэжлийн 14 багштайгаар үйл ажиллагаа сургалтаа явуулдаг байна. Одоогоор дунд, ахлах ангийн болон бакалаврын зэргийн 5 ангид нийтдээ 90 суралцагч суралцаж байгаа аж.

Тус сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль, Циркийн тэнхимийн эрхлэгч П.Болортуяагаас тодрууллаа.

Тэрбээр, “Монгол Улсын Консерваторийн Циркийн мэргэжлийн сургууль нь хоёр жил өнжөөд нэг элсэлт авдаг. Энэ жил 26 дахь элсэлтээ авах гэж байна. Долдугаар ангид сурч байгаа хүүхэд өвөл элсэлтийнхээ шалгалтад хамрагдаад намар нь 8 дугаар ангидаа элсэн ордог. 12 жилээр төгсөнө. Цаашдаа сургууль дотроо бакалавраар сураад явах боломжтой.

Элсэлтийг бие бялдар, эрүүл мэнд, хөдөлгөөний эвсэл, IQ зэргийг шалгаж авдаг. 

Суралцагчдын хувьд олон улсын А, В зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож алт, мөнгө медалиудыг авч байсан түүхтэй. Төгсөгчдөөс дэлхийн “Нарны цирк”-д ажиллаж байгаа жишээнүүд олон бий” гэсэн юм.

Гэрэл зурагчныг бэлтгэх анхны анги 2019 онд нээгджээ

Дүрслэх урлагийн академийн гэрэл зурагчныг бэлтгэх анхны анги 2019 онд нээгдэж байжээ.

Тус анги нь сурталчилгааны гэрэл зураг, фото арт, баримтат, загварын гэсэн дөрвөн чиглэлээр болон график дизайны мэргэжлийн хичээл ордог байна.

Дүрслэх урлагийн академи, фото зургийн ангийн гэрэл зургийн багш Т.Алтанзагас “Одоогоор нэг бакалавр, магистрын ангиудыг төгсгөсөн байна. Бакалаврын элсэлтийг англи хэл, математикийн 440 болон түүнээс дээш оноогоор мөн ур чадварын шалгалт, бие дааж хийж байсан бүтээл буюу авч байсан зураг зэргээр нь шалгаж авдаг.

Манай анги Германаас ирсэн 500 орчим сая төгрөгийн бүрэн тоног төхөөрөмжтэй. Мөн Германы урлагийн сургуультай бакалавр, магистрын хөтөлбөрөөр харилцан суралцах гэрээтэйгээр ажиллаж байна” гэлээ.

Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль 10 төрлийн хөгжмөөр мэргэжилтэн бэлтгэдэг  

Монгол Улсын Консерваторийн 85 жилийн түүхтэй Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль нь 10 төрлийн үндэсний хөгжмийн зэвсгээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.

Элсэлтийг өвөл тавдугаар ангид байхад нь шалгалтаа авч, намар зургаадугаар ангиас нь эхлэн элсүүлэн суралцуулдаг аж.

Тус сургууль нь Морин хуур, хуучир, их хуур, лимбэ, ардын бишгүүр, баяжуулсан бишгүүр, эвэр бүрээ, ёочин, шанз, ятга зэрэг хөгжмийн зэвсгээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд цаашлаад бакалавр, магистраар суралцаж болдог байна. 

Үндэсний үйлдвэрлэгчийг бэлтгэдэг сургууль 

Урлах эрдмийн дээд сургууль нь дизайн урлагийн анхны дээд сургууль бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэн гаргадаг сургууль гэдгээрээ онцлог аж.

Түүнчлэн төгсөгчдөө ажлын байраар 100 хувь хангадаг байна.

Тус сургуулийн төгсөгчдөөс "Micheal & Аmazonka", "O Couture", "Tuka tailor", "Best shoes", "Хос арт", "Хөөндий" зэрэг брэндийг үүсгэж, үйлдвэрлэл эрхэлж буй жишээ олон бий аж.

“Улаанбаатарын хаврын баяр 2023”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй тус өдөрлөг маргааш мөн үргэлжилж, үзэсгэлэнд оролцож буй 20 гаруй Соёл, урлагийн чиглэлийн мэргэжлийн боловсрол олгодог сургуулиуд, болон сургалтын төвүүд танилцуулга мэдээлэл, үзвэр, үйлчилгээ, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх, урлагийн тоглолтыг зохиож ажиллах аж. 

Өдөрлөгт оролцож буй сургууль, сургалтын төвүүдийн жагсаалт:

  • Цэргийн хөгжмийн политехник коллеж
  • Бадмаараг ахлах сургууль
  • СУИС- Хөгжмийн урлагийн сургууль
  • СУИС- Театрын урлагийн сургууль
  • СУИС- Радио телевиз медиа урлагийн сургууль
  • СУИС- Бүжгийн урлагийн сургууль
  • СУИС- Соёлын сургууль
  • СУИС- Дүрслэх урлагийн академи
  • Монголын хүүхдийн урлан бүтээх төв
  • Сити их сургууль- Гоо сайхны сургууль
  • Сити их сургууль- Дизайны сургууль
  • Монголын үндэсний их сургууль
  • Монгол Улсын Консерватори- Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургууль
  • Монгол Улсын Консерватори- Хөгжмийн ухаан, дуулаачийн сургууль
  • Монгол Улсын Консерватори- Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль
  • Монгол Улсын Консерватори- Бүжиг, циркийн мэргэжлийн сургууль
  • Монголын хүүхдийн ордон
  • Индра институт бичиг соёл төв ТББ
  • Ражив гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллеж
  • Урлах эрдэм дээд сургууль
  • Кино урлагийн дээд сургууль
  • Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх “Урлаг-урлан” МСҮТ

ФОТО: