"Хонх" хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан Намын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцов. С.Цогтсайхан агсан нь 1990 оны Ардчилсан хувьсгалын бэлгэдэл болох "Хонхны дуу"-г дуулсан юм.
Энэ үеэр С.Эрдэнэ ардчилсан хувьсгалын талаар үг хэлэв.
Тэрбээр "Одоогоос 33 жилийн өмнө Ардчилсан Нам байгуулагдаж, Монгол Улсад олон намын тогтолцоог бий болгосон. Хэдийгээр түүхийн богино хугацаа ч гэсэн Монголын нийгэм, улс төрийг өөрчилсөн юм.
Тэр үед бид цэл залуугаараа ардчиллын бүх ачааг үүрч байсан. Харин одоо 50-60 насны босгыг алхсан байна. Ардчилсан хувьсгалаас хойш төрсөн залуу үе, хүүхдүүд маань шударга ёс, чөлөөт зах зээл, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг зүрх сэтгэлээрээ мэдэрч өсөж байгааг харах бахархалтай байна.
33 жилийн өмнөх нийгмийг өнөөдөртэй ижил бодож залуу үе маань хүлээн авч, хүний эрх эрх чөлөөг дээдлэхгүй, хувийн өмчийн үнэ цэнийг ойлгож чадаагүй байгаа нь алдаа юм.
Тиймээс өнөөдрийг ямар түүхэн өдөр вэ гэдгийг залуу хойч үедээ ойлгуулах нь чухал юм. Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд оршиж буй тусгаар тогтнолоо зарласан жижиг улс. Өнөөдөр бид гуравдагч хөршийн бодлого, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж явах ёстой. Ардчилал устсан цагт Монгол Улсын тусгаар тогтнол байхгүй болно" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!