Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний Хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Хоол үйлдвэрлэлийн төв, түгээлтийн төв болон компанийн нийт үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь найдвартай, аюулгүй хүнсний хангамжийн дэд бүтцийг бий болгох, улмаар хэрэглэгчдэд шинэ, эрүүл хүнсийг өдөр бүр хүргэх зорилгоор малчид, тариаланчид болон хүнсний түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс эцсийн хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн бүхий л шатанд хяналт тавин ажиллаж байна.
CU Хоол үйлдвэрлэлийн төв нь олон улсын хүнсний аюулгүй байдлын HACCP стандартын гэрчилгээтэй Монголын хамгийн анхны бэлтгэсэн хоолны үйлдвэр бөгөөд түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори, хоол үйлдвэрлэлийн хагас автоматжуулсан 5 шугам, гадна орчны бохирдлоос сэргийлэх вакум ариутгалын байгууламжид өдөр бүр 30,000 гаруй бэлтгэсэн хоолыг шинээр үйлдвэрлэн CU -ийн 300 салбар дэлгүүрт түгээн борлуулдаг.
Мөн тус компани өөрийн хүйтэн хэлхээний түгээлтийн төвөөр дамжуулан CU Хоолны үйлдвэр болон дотоодын 40 гаруй үйлдвэрлэгчдийн 200 гаран нэр төрлийн, 80-100 мянган ширхэг шинэ хоол, температурын горим шаарддаг бүтээгдэхүүнийг CU сүлжээний 300 дэлгүүрт өдөр бүр түгээдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалын төгсгөлд тус компанийн хамт олон Монгол Улсын иргэдэд эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсийг хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг сайшаагаад, “Хүнсний Хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болох зорилгыг хэрэгжүүлэхээр цаашид хүнсний салбарт төр, хувийн хэвшил нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаад, хүнсний аюулгүй байдал, хангамжийг нэмэгдүүлж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!