-Казахстан улсын Алматы хотоос сэтгүүлч П.Сайнжаргал мэдээлж байна-
"Дижитал Алматы-2023" олон улсын форум Казахстан улсын Алматы хотод өчигдөр эхэллээ.
Уг хуралд дэлхийн 30 орны зочид төлөөлөгчид оролцож, технологийн салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй сорилт болон цаашдын зорилгыг хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн 30,000 гаруй оролцогч бүртгүүлж, 250 орчим үзэсгэлэн дэлгэсэн гэдгийг албаныхан онцлов.
Энэ үеэр бага ангийн сурагчдаас эхлээд, их сургуулийн оюутан цаашилбал бизнесийн салбарын төлөөллүүд өөрийн бүтээлийг танилцуулж байлаа. Тухайлбал, агаар цэвэршүүлэгч робот, эмнэлгийн баримт бичиг хэвлэгч төхөөрөмж, домбор хөгжим тоглож сурахад туслах робот ч энд байна.
Агаар цэвэршүүлэгч роботыг өнгөрсөн оны намар хийж, олон улсын роботын уралдаанд оролцжээ. Улмаар "Air flow" нэртэй бүтээлээрээ мөнгөн медаль хүртсэн гэдгийг Казахстан улсын нэгэн сургуулийн багш хэлэв. Тэрбээр "Дижитал Алматы" форумд сурагчдынхаа хамт оролцож байгаа аж.
Дээрх роботын талаар "Өөрөө явагч агаар цэвэршүүлэгч нь олон төрлийн нүүрний хувирал илэрхийлдэг. Түүнчлэн дотоод орчин дахь нарийн ширхэгт тоосонцрыг шүүж, агаар дахь нян бактерийг цэвэрлэх зориулалттай. Өөрөөр хэлбэл, бохир агаарыг сорж цэвэр агаарыг гадагшлуулах үүрэгтэй хэмээн ойлгож болно. Агаар дахь тоосонцрыг шүүх гурван төрлийн шүүлтүүрийг суурилуулж өгснөөр давуу талтай бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус өндөр.
Бид энэхүү роботыг 2022 оны намар хийж, олон улсын тэмцээнд оролцсон. Тухайн тэмцээнд Орос, Беларусь зэрэг орны баг хамт олон өрсөлдсөнөөс мөнгөн медаль авч чадсан" хэмээн танилцуулав.
Хүний ажлыг хөнгөвчилж, хүндрэл чирэгдэл багатай болгох давуу талыг технологийн дэвшил бий болгож байна. Ялангуяа, анагаахын салбарыг дижитал болгосноор цаг хугацаа хэмнэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс ч оюутнууд хамтран робот эмчийг зохион бүтээсэн байна.
Дижитал эрин үед хүний бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил нэн чухал байгааг оролцогчид хэлж байлаа. Тиймээс ч "Дижитал Алматы-2023" форумыг жил бүр зохион байгуулж, салбарын төлөөллүүд хамтын туршлагаа хэлэлцэж байна.
Энэ удаагийн форумд 150 гаруй илтгэгч, 400 гаруй компани, 30,000 гаруй оролцогч бүртгүүлж, 250 гаруй дижитал үзэсгэлэнг толилуулж байгаа юм. Уг үйл ажиллагааг Монгол, Солонгос, Турк зэрэг 10 улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!