Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ербол: Төрийн тендер авч ₮1.9 тэрбумаар Дуурийн театрын гадна засварын ажлыг гүйцэтгэгч компани хамгийн хямд, чанаргүй материал ашигласан

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. 

Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, 2022 оны хоёрдугаар сард тендер зарласан. Уг тендерт шалгарсан компанийнхан "Дуурийн театрын гадна засварын ажлыг хийхдээ чанаргүй материал ашиглаж, түүхэн барилгын нарийн хийцийг алдагдуулж байгаа" талаар иргэнээс мэдээлэл ирсэн юм. 



Энэ талаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажлын Туслан гүйцэтгэгч компанийн инженер Х.Ербол, С.Ербол нартай ярилцлаа.

-Дуурийн театрын барилгын засварын ажлыг хийхэд нэр бүхий компани нийт 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Соёлын яамнаас авсан талаар Та ярилаа. Тэгвэл энэ хэмжээний мөнгөн дүнтэй дүйхүйц засварыг хийлгүй, хямд материал ашигласан гэсэн үг үү? 

Х.Ербол: -Тийм ээ. Соёлын яамнаас зарласан тендерт "Марвел хаус" компани шалгарч, 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авч театрын гадна засварын ажлыг дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлсэн. Миний хувьд засварын ажилд инженерээр оролцсон бөгөөд барилгын нарийн хийцийг алдагдуулахгүйгээр чанартай материал хэрэглэх хэрэгтэйг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ч хэлж байсан. Гэвч тухайн компанийн зүгээс ажилчдынхаа санал хүсэлтийг огт хүлээж аваагүй.

Дуурийн театр бол түүхэн дурсгалт үнэ цэнтэй барилга. Тиймээс ч чанаргүй материал ашиглаж, нүд хуурсан аргаар засварлаж болохгүй. Энэ байдлаар ажил үргэлжилбэл, барилгын будаг жилийн дараа хууларч унах эрсдэлтэй гэдгийг ч хэлж байсан. Гэвч бидний шаардлагыг огт хүлээж аваагүй. 

-Театрын засварын ажлыг гүйцэтгэхдээ ямар материал хэрэглэсэн бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 

-Дээвэр болон гадна талын фасадын засварын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Ингэхдээ тоос шороотой нь хамт будаж, хамгийн чанаргүй материал ашигласан. Түүхэн барилгыг нэг бүрчлэн нарийн янзлах ёстой байдаг. Гэтэл театрын гадна фасадыг удаан хатдаг, цас бороонд амархан урсдаг будгаар будсан. Түүнчлэн одоо хийж байгаа эмульс нь шөнийн цагаар мөстөж, өдөр нар тусахаар урсаад байгаа. Нэг үгээр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна. Чулуун замаск биш, зүгээр л хар замазк хэрэглэдэг. Тодорхой стандартыг алдагдуулснаас болж хар замазкны цаана хоёр үе үлдчихэж байгаа. Өөрөөр хэлбэл, гөлгөр гадаргуу дээр будаг тогтохгүй, жилийн дараа будаг нь ховхорч унах эрсдэлтэй гэсэн үг. 

Дуурийн театрын засварын ажилд зарцуулсан 1.9 тэрбум төгрөг бидний татварын мөнгөнөөс төлөгдсөн. Гэтэл энэ их хэмжээний мөнгийг төсөвлөж хийсэн засвар нэг жилийн дараа нар салхинд идэгдээд замхрахад хүрээд байна. 

-Төрийн тендерийн бодит нүүр царайг Дуурийн театрын жишээгээр та нийтэд ил болгож байна. Тэгэхээр та ярьсан бүхнээ баримтаар баталгаажуулж чадах уу?

-Жишээ нь, Дуурийн театрын дээвэрт л гэхэд 560 сая орчим төгрөгийн будаг авч хийх ёстой байснаас ердөө 30 сая төгрөгийг будаг авахад зарцуулсан.Энэ талаарх нотлох баримт ч надад бий. Нэмж хэлэхэд, "Марвел хаус" компани төрийн тендерийг ямар аргаар, яаж авдгийг ойлгохгүй байна. Миний мэдэхийн төрийн 3-4 тендер авч ажиллаж байна. Нэг ажлаа бүрэн гүйцэд дуусгаагүй байж давхар тендер авдаг. Тиймээс ч төрийн тендер будилаантай явагдсан хэмээн үзэж байгаа. Огт эхлүүлээгүй ажлынхаа төлөө улсаас их хэмжээний гүйцэтгэлийн мөнгө авч болохгүй. 

"Дуурийн театрыг чанарын шаардлага хангахгүй будгаар будаж, засварын ажлыг нүд хуурсан аргаар хийж байна"

-Тухайн компани нь хэд хэдэн удаа төрийн тендерийг авч, улсаас их хэмжээний санхүүжилт авдаг ч гүйцэтгэл хангалтгүй байдаг гэхээр тэр тендерүүдэд бүгдэд нь танайх оролцож ажилласан гэсэн үг үү? 

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд тус тус театрын тендерт шалгарсан байгаа юм. Мөн Сүхбаатар аймагт төрийн банкны засварын ажлын тендер авсан байсан. Тэгсэн мөртлөө нэг ч ажлынхаа ард гараагүй, дуусгаагүй. Эдгээр ажлын гүйцэтгэгчээр бид орсон юм.

Тухайлбал, Зүүнхараад авсан ажил нь хоёр жил гаруй хугацаанд дамнан үргэлжилж байгаа. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суман дахь тендерээ эхлээгүй. Ажлаа огт эхлүүлээгүй байж бид барилгын суурийг нь цутгачихлаа гэж хэлдэг. Харин одоо Соёлын яамны тендерийг авч, Дуурийн театрыг чанарын шаардлага хангахгүй будгаар будаж, засварын ажлыг нүд хуурсан аргаар хийж байна. Ингэж хийсэн ажил жилийн дараа л элэгдэж муудна. Энэ бүх асуудлыг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т аравдугаар сарын 12-нд бид гомдол гаргаж, Соёлын яаманд ч шаардлага хүргүүлсэн. 

-Соёлын яаманд шаардлага хүргүүлэхэд ямар хариу өгсөн бэ? Төрийн тендерийн будилаан эргээд төсөв мөнгөний алдагдал, үрэлгэн зарцуулалт болж хувирна шүү дээ.  

-Энэ тендер анхнаасаа будилаантай байсан. Хийсэн ажил нь чанаргүй биш, нийлүүлсэн материал нь чанаргүй байгаа юм.Энэ асуудлаар Соёлын яаманд шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Дуурийн театрын барилгыг дахиад 60 жилийн настай хэмээн үздэг. Энэ бол түүхэн дурсгалтай, нарийн хийцтэй барилга, хэдэн мянган хээ угалзтай. Тиймээс ч нягт нямбай засварлах шаардлагатай.

Дуурийн театрын урд арслангийн хоёр хөшөө байдгийг хүмүүс сайн мэддэг. Энэ хоёр арсланг янзлахад нийт 80 гаруй сая төгрөгийн засварын хөлс гарна хэмээн тооцсон байгаа юм. Гэтэл арслангийн хөшөөг шөнийн цагаар "Марвел хаус" компанийн хүмүүс ачаад явсан. Аливаа ажлыг танил тал, харилцан тохиролцсон яриагаар зохицуулж байна.

Театрын захиргаанаас тендерийн ажлыг зуун хувь гүйцэтгэсэн хэмээн гарын үсгээ зурж өгсөн байгаа юм. Энэ дунд тухайн нэр бүхий гүйцэтгэгч компани олон сая төгрөгийн мөнгө угааж байна гэж бид үзэж байгаа. 

-Соёлын яамны тендерт нэг л компани шалгарч, улсаас мөнгө авдаг ч хийж дуусгасан ажил байдаггүй гэж та хэлэх гээд байна уу?

С.Ербол: -Гүйцэтгэгч компани нь нэг ажлаа зуун хувь гүйцэтгээд бүрэн дуусгаж өгөөгүй байж дараа дараагийн тендерийг давхар аваад байдаг. Одоогоор тэд нийт гурван тендертэй. Эдгээр ажлаа ямар ч чанаргүй гүйцэтгэж байна. Цаг хугацаандаа дуусгасан ажил ч байхгүй. Авсан ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй хэрнээ санхүүжилтээ улсаас авчихдаг нь сонин. Энэ бүгдийн цаана авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Дуурь бүжгийн эрдмийн театрын засварын ажил одоо 30 хувьтай үргэлжилж байгаа. Гэтэл улсаас ажлын гүйцэтгэлийн мөнгийг 80 хувьтай тооцож авсан. Одоо сарын гүйцэтгэлээ улсаас авах гээд явж байгаа тухай сонссон.

Энэ компани нэг ажлаа зуун хувь гүйцээж өгөөгүй байхад яагаад дараагийнхаа тендерийг давхар авч чаддагийг ойлгохгүй байна. Дуурь бүжгийн эрдмийн театрын засварын ажилд туслан гүйцэтгэгч инженерээр ажилласан учраас ямар материал ашигласан, стандартын дагуу хийсэн үгүйг сайн мэднэ. Тиймээс ч асуудлыг олж хараад шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн төрийн тендер авахдаа 10 хувиа нэг нэгэндээ өгч авалцдаг талаар ч сонсож байсан.

"төрийн тендер бол жинхэнэ мөнгө угаадаг ажил юм билээ. Анх удаа орж ажилласан хүний хувьд гайхсан"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 -Төрийн тендерт чиглэсэн ямар тодорхой зохицуулалт бидэнд дутагдалтай гэж санагдсан бэ?

С.Ербол: -Улсын шалгуур дутагдалтай байна. Тухайн ажлыг яг стандартын дагуу гүйцэтгэж байна уу, ашиглах ёстой материалыг нь нийлүүлж байна уу, тоо хэмжээндээ орсон материалыг хэрэглэж буй эсэхэд эргээд хяналт маш дутмаг. Төрийн тендерт анх удаа орж ажилласны хувьд анзаарахад танил талаараа дамжуулж нэгэндээ барилгын материал шахах гэх мэтчилэн асуудал их байдаг шиг харагдсан. Тиймээс ч холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа.

Нэг талаар улсаас ямар ч шалгуур тогтоож, хяналт тавихгүй байна. Нөгөөтэйгүүр танил талаараа дамжуулж чанаргүй материал өгснөөс ажил ийм муу явагддаг жишиг бий болоод буй.Дээр дурдсанчлан Дуурийн театрын дээвэр дээр 560 гаруй сая төгрөгийн будаг ашиглах ёстой. Үүний оронд 30 сая төгрөгөөр будаг худалдаж аваад дээврийг нь янзалсан. Бүхэл бүтэн 500 сая төгрөгийг шууд халаасандаа авчхаж байгаа. Улсаас тодорхой хяналт шалгалт тавихгүй болоод л бодит нөхцөл иймдээ тулсан. Тиймээс ч шалгуулахаар АТГ, ШӨХГ зэрэг холбогдох байгууллагад хандаж, хүсэлт өгөхөөр бүх материалаа бэлдэж байна. 

-Тэгвэл төрийн тендерийн сайн туршлага юу вэ. Тухайлбал, энэ ажил ямар ажлаас илт харагддаг вэ?

-Төрийн тендерийн сайн жишгийг одоогоор олж хараагүй. Нэг ч сайн ажил байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. 

-Өмнө нь танайх төрийнхөөс өөр тендерийн ажил гүйцэтгэгчээр ажиллаж байсан уу? Ямар ялгаа харагддаг вэ?

-Миний хувьд анх удаа төрийн тендерийн ажилд туслан гүйцэтгэгчээр нь орж ажиллалаа. Өмнө нь дандаа хувийн компанид инженерээр ажиллаж байсан. Хувийн компаниуд хамгийн сайн материалыг сонгож, аливаа ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг юм байна. Үүнийг дагаад барьсан, засварласан барилга нь тэр хэмжээгээр чанартай болдог. Харин төрийн тендер бол жинхэнэ мөнгө угаадаг ажил юм билээ. Анх удаа орж ажилласан хүний хувьд гайхсан. Тиймээс ч иргэнийхээ үүргийн дагуу үүнд хяналт шалгалт хийлгэхийг хүсэж байгаа.

Анх удаа төрийн тендерт ажиллахад төр, хувь хоёр асар ялгаатай санагдсан. Төрийн тендер авсан компаниуд өөрсдөдөө ашиг унагаахын тулд мөнгө хэмнэдгийг анзаарсан.Ашиглах материалаа төдий хэмжээний үнийн дүнтэй гүйцэтгэнэ хэмээн хэлээд тендер авч байгаа шүү дээ. Гэтэл хэлсэн тоо хэмжээндээ хүргэхгүй, хамгийн хямд, хуучин материалаар орлуулж, ажлыг оромдож байна. Ингэж гүйцэтгэсэн ажлынхаа дундаас мөнгө угаадаг юм байна. Энэ бүхнийг бодитоор харлаа. 

 -Та шаардлага хүргүүлсэн гэж ярьсан. Хэрэв тухайн компани хүлээж авахгүй бол цаашид та бүхэн яах бодолтой байна вэ?

-Тендерийн зохицуулах хороо, холбогдох яам, тамгын газрууд хаа хаанаа хяналтаа зөв тавих хэрэгтэй. Иргэдийн татварын мөнгийг хэрхэн яаж зарцуулахад хяналт тавьснаар ажлын үр дүн илүү бодитой гарч чадна. Дуурь бүжгийн театрын засварыг энэ жилдээ хийгээд дуусчихлаа. Тухайн барилгад дор хаяж 10 жил дахин засвар орохооргүй байж байгаасай гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд, Дуурийн театрыг хоёр жилийн дараа дахин татвар төлөгчдийн мөнгөөр засварлахаар болчхоод байна. 

Хувийн архиваас нь авав