Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Түгжрэлийг бууруулах ₮420 тэрбумыг хэрхэн зарцуулж байна вэ?

Р.Оюун
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 2022-2024 онд 36 цогц ажил хэрэгжүүлж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцуулав. 

Анхны хөрөнгө оруулалт болох 414 тэрбум төгрөгийг 2022 онд баталснаар 12 багц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Үүнд:

  • Газар чөлөөлөлтөд 75 тэрбум төгрөг зарцуулж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийт 390 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд зарцуулах шаардлагатайгаас энэ жил 20 орчим хувийг нь 2022 онд төсөвлөжээ. 
  • Парк шинэчлэлт. Улаанбаатар хотын 106 чиглэлд 1,000 хүрэхгүй автобус үйлчилж байгаагийн 600-г нь энэ жил шинэчилж байгаа юм байна. Нийт 1,430 автобус шаардлагатайгаас 2022-2024 онд 1,100-г оруулж ирэх ба урьдчилгаанд энэ жил 74 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор 100 автобус ирээд байгаа аж. Үлдсэн автобусыг арваннэг, арванхоёрдугаар сард оруулж ирэх нь. 
  • Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах нь түгжрэл бууруулахад 20% нөлөөлнө гэсэн судалгаа гарсан байна. Энэ хүрээнд 2022 онд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. 

Эдгээр гурван төсөлд нийт 270 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Бусад төслийн тухайд:

  • Зам барьж байгуулах хүрээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс энэ онд 70 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Үүнд Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын гудамжтай холбох, Зайсангийн гүүрийг шинэчлэх, Шард хаданд гүүр тавих газар зам засварлах, шинээр гарц, гүүр байгуулах ажил багтаж байгаа юм байна.
  • 188 байршилд буулгасан гарааш, хашаа хайсны байршилд ногоон байгууламж, тохижилт хийхэд 31 тэрбум төгрөг зарцуулж байна. 
  • 2024 онд нийслэлийн түгжрэлийг 50% бууруулах зорилтын 30%-ийг хангах хөшүүрэг болох Зам тээврийн ухаалаг систем, удирдлага хяналтын систем байгуулахад 22.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 21 цэгт байсан камеруудыг бүрэн шинэчилсэн бөгөөд 44 байршил болгон нэмжээ. 
  • Улаанбаатар хотод 37 км зам шинээр барьж байгуулах нь. 
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн буюу Бага тойруугийн 10 байршилд 5 болон 9 давхар бүхий их багтаамжтай зогсоол байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд газар чөлөөлөлт 52%-тай байна. 
  • Улаанбаатар хот дахь 74 авто зогсоолыг шинэчилнэ. 
  • Явган хүн, унадаг дугуйн замыг гэхэд бид 80 м2 буюу явган зам 16.8 км, дугуйн зам 14.4 км-ийг шинээр хийхэд 11.2 тэрбум төгрөг зарцуулж байгааг тэрбээр танилцууллаа. 

Эдгээр 12 багц ажлын 62% нь он дамнан хэрэгжих юм байна. 

Түгжрэлийг бууруулах хүрээнд мөн эдийн засгийн хөшүүргийг ашиглан томоохон ажлуудыг төлөвлөж, Үндэсний хороонд танилцуулахаар зэхэж байгааг бид мэдээлсэн.