Монголын хамгийн анхны "Ус дахин боловсруулах үйлдвэр"-ийн шавийг өнөөдөр Шинэ төв цэвэрлэх байгууламжийн баруун талд тавилаа.
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Дулааны III, IV станц жилдээ 18 сая м3 хүртэл хэмжээний гүний усыг дахин боловсруулсан усаар орлуулан хэрэглэх боломж бүрдэх юм.
Илүү тодруулбал, Дулааны III, IV станц одоогийн байдлаар жилдээ 21-22 сая м3 /хоногт 60,000 м3/ газрын доорх усыг ашигладаг. Үүнээс 12-15 сая м3 усыг буюу нийт хэрэглээний ойролцоогоор 70 гаруй хувийг хөргөлт угаалга, цэвэрлэгээ, үнс зайлуулах зэрэгт ашигладаг аж. Тэгвэл тус үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотод шинээр байгуулах Төв цэвэрлэх байгууламжаас байгальд нийлүүлж буй усыг дахин боловсруулж, Дулааны III, IV станцын техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглана.
Энэхүү төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний компани “М-Си-Эс Проперти” ХХК шалгарч, үйлдвэрийн технологийн зураг төслийг Франц улсын салбартаа дэлхийд тэргүүлэгчид болох “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хийж гүйцэтгэхээр болжээ.
Арга хэмжээний үеэр “М-Си-Эс Проперти” ХХК-ийн гүйцэтгэх Б.Даваа-Очир "М-Си-Эс Проперти компани нь Мянганы Сорилтын Корпорацийн шалгуураар олон улсын байгууллагуудтай өрсөлдөн тус төслийн гүйцэтгэгчээр шалгараад байна. Үндэсний компани Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга байгууламж, технологийн угсралтын ажлыг дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх болсон нь Монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж буйн нэг илрэл.
Манай компани гэрээний хүрээнд хүлээсэн цаг хугацаандаа үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгнө гэдэгтээ итгэлтэй байгаа. Бүтээн байгуулалтын ажил 2025 оны нэгдүгээр улиралд дуусаж, туршилт тохируулгын ажил үргэлжлэх бөгөөд 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоо зураг төслийн ажил эхэлчихсэн явж байна" хэмээн ярилаа.
Монголын Мянганы сорилтын сангийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт "Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг авч дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлэх юм. Тэр тусмаа ДЦС 3,4-ын техникийн усны зарим хэрэглээг хангах зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн 2021 оны жилийн усны хэрэглээний 50%-тай (орон сууцанд амьдарч буй нийт 102,247 айл өрхийн усны жилийн хэрэглээ) тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.
Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага бөгөөд цаашдаа аж үйлдвэрлэлийн бусад олон салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, Улаанбаатар хотын усны хязгаарлагдмал нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд чухал хувь нэмэр оруулна" гэлээ.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд "Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол дээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэхүү үйлдвэр нь дэлхийд шинэлэг технологийг нэвтрүүлж байгаа монголдоо анхны ус дахин боловсруулах үйлдвэр байгаа. Тус үйлдвэрийг барьснаар Монгол Улсын цэвэр усны хэрэглээг хэмнэх боломжийг олгох ач холбогдолтой. Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний усны компакт хэрэгжиж эхлээд хоёр жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа билээ. Энэхүү гэрээ нь нийт гурван жил үргэлжлэх учраас бидний хувьд гол анхаарал маань энэхүү компактаа хугацаанд нь амжилттай гүйцэтгэхэд чиглэж байна.
Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй хотуудын нэг. Өнөөдөр шавыг нь тавьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангахын зэрэгцээ нийслэл хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" хэмээв.
Монгол Улсын анхны Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах Төрийн Нарийн Бичгийн Дарга (ТНБД) Даниел Ж. Критенбринк, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон энэхүү төслийн туслан ерөнхий тус гүйцэтгэгч “М-Си-Эс Проперти” ХХК-ийг төлөөлж М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од захирал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, АНУ-ын Төрийн Департамент, Мянганы сорилтын корпорацын төлөөлөл, Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамтран ажиллагч агентлаг, байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон билээ.
Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх үйл явдлын гэрч болж байна. Энэ бол Монгол Улсын хувьд анхны том хэмжээний Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал юм.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд одоогоос яг нэг жилийн өмнө бид ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Сонгинохайрхан уулын бэлд эхлүүлсэн. Харин өнөөдөр Та бидний хуран цуглаад буй энэ талбайд Компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох Ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно” хэмээсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд хоёр дахь Компакт гэрээг 2018 онд байгуулж байв. Ийнхүү хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулсан нь дэлхийн бусад улс орноос онцлог байв.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд юугаар ч орлуулшгүй үнэт баялаг бол ус гэдгийг хэдийн тунгааж, аль болох гүнийн цэвэр усыг хэрэглэхээс зайлсхийн, усыг дахин боловсруулж, технологийн зориулалтаар ашиглах практик дэлгэрүүлж эхлээд 30 гаруй жилийн нүүрийг үзээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|