Чөлөөт бүсүүдийн ерөнхий төлөвлөлтийн ойрын хугацаанд Засгийн газраар батлуулж, хэсэгчилсэн төлөвлөлтийг хувийн хэвшлийн сонирхолд үндэслэн боловсруулахаар болжээ.
Энэ тухай Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт танилцуулав.
Тэрбээр "Чөлөөт бүсийн эрх зүйн орчин бүрдээд 20 жил болж байна. Одоогоор Цагааннуур, Алтанбулаг, Замын-Үүд гээд байгуулагдсан гурван чөлөөт бүс бий. Гэвч энэ хугацаанд зорилт хангалттай хэмжээнд биелээгүй.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тусгаж, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтөө хийж чадаагүй. Түүнчлэн газрыг замбараагүй олгож, олон аж ахуйн нэгжид газар олгосон эдгээр нь тогтвортой ажиллаагүй зэрэг асуудал бий" гэлээ.
Дэд сайд С.Наранцогт газар олголт ба ашиглалтын тухай дараах мэдээллийг өгөв.
Иймд олон улсын туршлагад үндэслэн, тусгай зориулалтын компани хэлбэрээр байгуулж, чөлөөт бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар яаралтай батлуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөө хувийн хэвшлийн сонирхолд үндэслэн хийх концепт гарч байгааг дэд сайд С.Наранцогт хэлэв.
Мөн тэрбээр "Урьдчилсан нөхцөлөө хангасан, тодорхой хэмжээнд хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрээ олсон, зураг төслөө хийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлэх үүргийг Засгийн газар өнөөдөр өглөө. Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангаар ахлуулж, сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь идэвхжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Засгийн газарт танилцуулах, хөрш орнуудтайгаа тохиролцох зэрэг чиглэл гарсан.
Түүнчлэн чөлөөт бүсээ эрэмбэлж, бүтээн байгуулалтаа хийхээр болж байна. Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдийн чөлөөт бүсэд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хамгийн их хийгдсэн. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 58.8 сая ам.долларын дэд бүтэц, дулааны цахилгаан станц, ариутгах төхөөрөмж, татуургын бүтээн байгуулалт хийгдсэн. Мөн Азийн Хөгжлийн Банкны төслийн хүрээнд 30 сая ам.доллароор чөлөөт бүс дотор аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцээ хүргэх ажил хийгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд чөлөөт бүсийг нэгдүгээрт анхаарах шийдвэр гарсан. Хоёрдугаарт, шинээр байгуулах шийдвэр гарсан Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бэлтгэл, төлөвлөлтөд анхаарах, гуравдугаарт Замын-Үүдийн чөлөөт бүсийн холбогдох асуудалд анхаарах даалгавар өглөө" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!