Хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд өнөөдөр Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлэв.
Учир нь таталтын эсрэг булчин суллах эм цар тахлын үеэс хойш тасраад хоёр гаруй жил болж байгаа тул ийнхүү тэсвэр алдан цуглажээ.
Энэ талаар ээжүүдийн төлөөлөл "Саажилттай хүүхдийн уудаг таталтыг эсрэг эмийг өнөөдөр хувийн эмнэлэг оруулж ирж борлуулж болоод байхад улс оруулж ирж чаддаггүй, эмийн сангуудад байдаггүй. Таталтын эсрэг эм тасалдаад хоёр жил гаруй болж байна. Улс огтхон ч оруулж ирээгүй.
Миний охин өнөөдөр 24 цаг тасралтгүй инээж байна. Тэр нь наана нь татаж харагдахгүй ч гэсэн цаанаа мөнхийн татаж байна гэсэн үг. Мөн эмчилгээнд явах гэж байгаа хүүхдүүд бүрэн эдгэх ямар ч боломжгүй гэж Засгийн газрын хуралдааны үеэр хэлсний улмаас хандивын аянууд бүгд зогсчихлоо. Энэ асуудалд бухимдаж байна" хэмээн ярилаа.
Өөр нэг ээж хэлэхдээ “Монгол Улсад ийм саажилттай хүүхдийг асран асрамжийн газар ч байдаггүй. Муугаар бодоход би унаад өгвөл миний хүүхдийг асрах газар байхгүй.
Наад захын асуудлыг ярихад бидэнд хүнсний талонд ч орж чадахгүй байна.
Өнөөдөр Монгол тархины саажилт хоёрхон зүйлээс болж үүсэж байгаа. Үүнд нэгдүгээрт эмчийн буруутай төрөхийн хүндрэлийн улмаас, хоёрдугаарт нярайн шарлалтаас болоод саажилттай хүүхдийн тоо улам нэмэгдэж байна. Яагаад эрүүл мэндийн салбар шарлалт ямар аюул дагуулдаг талаар залуу ээж нарт мэдээ, мэдээлэл хангалттай сайн өгддөггүй юм бэ.
Цар тахлын үед хил гааль хаалттай, эм нь олдохгүйгээс болж 50 гаруй хүүхдийг алдлаа.
Мөн Боловсролын яам хүртэл цэцэрлэгийн насыг саажилттай хүүхэд дээр яагаад зааглаж болдоггүй вэ. Бүгдийг нь адилхан зургаан нас хүртэл хүүхдийг цэцэрлэгт авна гээд энгийн хүүхдүүдтэй адилхан зааг тогтоочихсон. Гэтэл тархины саажилттай хүүхдийн асаргаа энгийн хүүхдээс огт өөр. Ядаж 10 нас хүртэл нь тэр хүүхдийг цэцэрлэгт авдаг бол бид цэцэрлэгт өгөөд ажил хийх боломж үүснэ" гэж байв.
Ээжүүдийн төлөөлөл “Миний хүүхэд 2019 оны нэгдүгээр сард эрүүл саруул төрсөн. Төрснөөс хойш хоёр хоноод эмнэлгээс гарсан бөгөөд гэрт гарснаас хойш нярайн шарлалт нь 298-тай байхад өрхийн эм зүгээр гэж хэлээд явснаас хойш хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэгдтэл аль хэдийн шарлалт нь 431 болсон байсан буюу тархи нь гэмтсэн байсан.
Одоо манай хүүхэд дөрвөн мөчний хүнд хэлбэрийн саажилттай. Гэтэл өнөөдөр миний хүүхдээс гадна өдөр ирэх тусам саажилттай хүүхдийн тоо өсөж байна. Энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулсан ажил хийхгүй байна” хэмээн ярилаа.
Түүнчлэн цөөнгүй иргэд өчигдөр Эрүүл мэндийн сайдын хэлсэн үгнээс болж, өвчний улмаас гадаадад эмчлүүлэхээр зарлаад байсан хандивын аянууд зогссон хэмээн шүүмжилж байв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар тухайн иргэдтэй уулзсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Та бүхний шаардлагыг хүлээн авлаа. Баасан гарагт 10:00 цагт эргээд хариу өгье. Одоогийн Засгийн газар хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд онцгой анхаарч, үе шаттай ажил хийгээд явж байгаа. Мэдээж өргөс авсан мэт шууд шийдэгддэг зүйл гэж байхгүй. Ямартай ч уналт таталтын эмийг төр даадаг болгоно. Бид судалгаагаа хийсэн. Гол нь Та бүхэн маань хүлээцтэй байх ёстой" гэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “ Цар тахлын үе хамгийн том тулгамдсан асуудал бол таталтын эм байсан. Өнгөрсөн сард Францын компанид 10 нэр төрлийн эм оруулж ирэх зөвшөөрлийг нь өгсөн.
Өөрөөр хэлбэл, таталтын эмийг нэгдүгээрт албан ёсоор оруулж ирэх зөвшөөрлийг нь өгч байгаа. Нөгөө талаар энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлдөг, төрөөс даадаг байх тогтолцоог бий болгоё гэж Эрүүл мэндийн сайдтай ярьсан.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв өнөөдөр очиж ажиллахад тус төв эрүүл мэндийн үйлчилгээ бус сэргээн засах, хөгжлийн үйлчилгээ л үзүүлдэг байсан. Тиймд тэнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, тусгай зөвшөөрөл авах ажил хийгдэж байна, тун удахгүй үр дүн гарна.
Өнөөдөр өвчний улмаас хандив цуглуулаад гадагшаа явж байгаа маш олон хүүхэд бий. Гэтэл цөөн хүүхдүүдийг гадагшаа явуулахаас илүү яг мэргэжлийн эмч нарыг гаднаас урьж, Монголд ажиллуулах нь илүү олон хүүхдэд хүрэх боломж нь нээгдэнэ. Иймд Эрүүл мэндийн яам болон ГХЯ хамтран мэдрэлийн өнцгүүдийг суллах хагалгааг судалж, бүрэн эдгэхгүй ч тодорхой хэмжээний сайжруулалт байгаа бол бид аль болох сайжруулалт, үр дүнтэй сайжруулах тал дээр ажиллах ёстой.
Нөгөө талаар бас дотоодод ажиллаж байгаа эмч нарынхаа чадамжийг нэмэгдүүлж, дотооддоо энэ хагалгааг хийдэг болохын тулд боловсон хүчнээ бэлдэж эхэлье гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эцэг эхчүүдээ маш сайн ойлгож байна. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон” хэмээв.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!