Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангай аймагт дулааны станц барих ажил эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын ажил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өчигдөр боллоо. 

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Арвайхээр хотноо баригдах шинэ дулааны станц ашиглалтад орсноор хамгийн ихээр тулгамдаж буй агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурч, халаалтын найдвартай байдал дээшилж, аж ахуйн нэгжүүд шинээр дулааны шугамд холбогдох техникийн боломж бүрдэнэ. Мөн орон нутгийн үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.

Түүнчлэн шинээр 100 гаруй ажлын байр бий болох зэрэг олон давуу талтай” гэв.

Өвөрхангай аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 9,1 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ мөн 1,1-4,5 Гкал/цагийн хүчин чадалтай 11 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болно.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэфициент (85-90%) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.

Монгол Улс 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барихаар төлөвлөөд байгаа бөгөөд одоо 7 аймагт дулааны станц барих ажлыг эхлүүлэх үлдлээ.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц баригдах 10 аймаг:

  1. Хэнтий
  2. Сүхбаатар
  3. Баянхонгор
  4. Говь-Алтай
  5. Говьсүмбэр
  6. Завхан
  7. Өвөрхангай
  8. Архангай
  9. Дундговь
  10. Төв.