Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур ажиллаж эхэлжээ.
Ингэхдээ одоогоор бүрэн дулаараагүй байгаа учраас өдөр бүр 12:00 цагаас хоёр цаг тутмын давтамжтайгаар буюу 12:00-14:00, 16:00-18:00, 20:00- 22:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж.
Ирэх зургаадугаар сараас зуны цагийн хуваарьт шилжиж, 23:00 цаг хүртэл ажиллана гэдгийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хэллээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хот нийтийн эзэмшлийн талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжийн төсөл, арга хэмжээнд энэ жил 31 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний нэг нь хонхтой цэцэрлэгт хүрээлэн юм.
Д.Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажил нь 2020-2022 онд хэрэгжиж буй бөгөөд нийт 3.8 тэрбум төгрөгийн өртөгтэй уг ажилд энэ жил 429.5 сая төгрөг зарцуулахаар тусгасан юм.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав