“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд нээлттэй тайлагналаа. Компанийн ХЭХ-аар хэлэлцэгдсэн онцлох үзүүлэлт, мэдээллүүдийг хүргэе.
“Сүү” хувьцаат компани 2021 онд 100,5 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 26,8 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 10 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 41,3 хувиар нэмэгдүүллээ. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 16.7 сая литр сүү хүлээн авч, 17.6 тэрбум төгрөгийн орлого оруулснаас гадна 2021 онд улсын төсөвт нийт 3.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.
Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах чиглэлд 13.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийг дэмжих, ашигт ажиллагааг сайжруулахад томоохон үр дүн үзүүлж эхэллээ.
Тус онд “Сүү” ХК ногдол ашиг хуваарилалтын бодлогодоо өөрчлөлт хийн, хагас жил тутам олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2021 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 9.76 төгрөг буюу нийт 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болов. “Сүү” ХК-ийн үнэт цаасны арилжааны идэвх өнгөрсөн онд түүхэн дээд амжилтуудыг сэтэлж, нэгж хувьцааны үнэ 810₮-т хүрснээр хөрөнгийн зах зээл дэх байр суурь шат ахин, 100-аас дээш тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болов.
Өнөөдрийн байдлаар нэгж хувьцаа 530₮-ийн дундаж үнэлгээтэйгээр хоёрдогч зах зээл дээр идэвхтэй арилжигдаж байна. 2021 онд нийт 1,2 тэрбум төгрөгийн хувьцаа дотоод зах зээлд арилжигдсан нь өмнөх оноос 5 дахин өссөн үзүүлэлт юм. Хувьцаа эзэмшигчдийн тоо жилийн эцсийн дүнгээр 4727, харин өнөөдрийн байдлаар 7,000 гаруй болж нэмэгдлээ. Компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж байгааг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөс дүгнэж болох бөгөөд 2022 оны эцэс гэхэд энэ тоо 10,000-д хүрэх хандлагатай байна. Хувьцаагаар урамшуулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, 1990 бэлтгэн нийлүүлэгч, харилцагч, ажилтандаа 380,000 орчим хувьцаа олголоо.
“Сүү” ХК 2020 оноос Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Ажлын байран дахь тэгш боломж ба бэлтгэн нийлүүлэгчдийн олон талт байдлыг дэмжих” төслийг “PwC Мongolia” компанитай хамтран хэрэгжүүлж, улмаар компанидаа “Жендэрийн хороо” байгуулан, үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна. Сүү бэлтгэн нийлүүлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих зорилготой хоршоо байгуулах үйл ажиллагаагаа идэвхжүүлснээрээ ЕСБХБ-наас жил бүр зохион байгуулдаг, Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгчдийг урамшуулах зорилготой “GENDER and INCLUSION-GOLD” шагналыг “Сүү” ХК хүртсэн бөгөөд ирэх 5-р сард Морроко улсад очиж, хүлээн авах юм.
Түүнчлэн, НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах зарчимд Монгол улсаас нэгдэж буй анхны үйлдвэр болсон бөгөөд цаашид компанийн оролцогч бүхий л талын түвшинд жендэрийн тэгш оролцоог нэмэгдүүлэх олон чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2022 онд “Сүү” ХК үйлдвэрийн хүчин чадлаа тэлсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлогоо 25 хувь өсгөх, бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжихээр энэ жилд 10-аас дээш хоршоо байгуулах зорилт тавин ажиллаж байна.