Төв талбайд өчигдөр болсон жагсаалыг цагдаагийн алба хаагчид 03:40 цагт албадан тараасан.
Ингэхдээ жагсаж байсан иргэдийн биед халдаж, чирч өшиглөх гэх зэрэг зохисгүй үйлдэл нь дүрс бичлэгт тод үлдсэн байсан. Тайван жагсаж байсан иргэдэд яагаад хүч хэрэглэсэн талаар сэтгүүлчид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаас тодрууллаа.
- Ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, буруу хараад зүгээр зогсож байсан хүнийг гуд татсан, хүн дэвссэн нь бичлэгт тодорхой харагдаж байсан. Яагаад ингэж байгаа юм бэ?
- Буруу хараад зүгээр зогсож байсан хүнийг гуд татаад дэвссэн зүйл байхгүй. Бид эсэргүүцсэн үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
- Эсэргүүцэл үзүүлсэн гээд иргэний биед халдах нь зүй ёсны хэрэг юм уу?
- Тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан асуудал бий.
Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Та нар бичлэгийн жижигхэн хэсгийг хараад байна. Зүгээр байгаа хүмүүсийг бид барихгүй. Жагсаалд голлон оролцож, залуучуудыг уриалж, буруу зүйл рүү чиглүүлээд байгаа хүмүүсийг ажиглалтад авч, оролцогчдоос тусгаарлах, түр саатуулах арга хэмжээнүүдийг авсан. Ингэж байж жагсаал намжсан.
Жагсагчид Улаанбаатар хотын төв цэгээс баруун дөрвөн зам хүртэл гол замыг хааж явсан. Бид нар чанга яригчтай машинаар явган хүний зам руу орохыг залууст хэлэхэд машин руу чулуу шидэж байв. Ийм нөхцөлд албадлага хэрэглэхээс өөр аргагүй. Цаашид ноцтой үр дагавар гарахаас сэргийлэх үүрэгтэй" гэлээ.
Хэдийгээр бичлэгт тодорхой харагдаж байгаа ч цагдаагийн алба хаагчид иргэдийн биед ноцтой халдсан үйлдлээ үгүйсгэж, тодорхой тайлбар өгч чадсангүй.
Жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан талаар asu.mn шууд дамжуулсан юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!