Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор нээлттэй өдөрлөгийг ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, Дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад сүрьеэгээр оношлогдож буй хүмүүсийн 60 хувь нь төмөр замтай холбоотой бүс нутгуудад байдаг. Мөн нийт оношлогдож байгаа хүмүүсийн 60 хувь нь Улаанбаатар хотод байна.
Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх халдварт өвчний нэг юм. Өдөр бүр 4,000 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэхүү өвчнөөр 30,000 орчим хүн өвчилж байна. ХДХВ /-ийн халдвартай хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд нянгийн эсрэг тэсвэржилтийн голлох шалтгаан болдог. ДЭМБ-ын Сүрьеэтэй тэмцэх стратеги болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (Тогтвортой хөгжлийн зорилтууд)-ийн хүрээнд Дэлхий нийтээр Сүрьеэ өвчнийг 2030 онд таслан зогсоохоор шийдээд байна. Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар бодит өвчлөлөөс гурав дахин их сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай гэж тооцоолол гарсан.
Өдөрлөгийг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлсэн үгэндээ "Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар халдварладаг. Ганц уушги гэлтгүй хүний биеийн эд эрхтэн, арьс ясыг гэмтээдэг аюултай өвчин. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин бөгөөд улсаас үнэ төлбөргүй эмчилдэг. 2021 оны ДЭМБ-ын тайлан мэдээгээ Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөр 30 орны нэгээр бүртгэгдсэн. Монгол Улсад жилд 13-14 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэх тоон мэдээ байдаг боловч илрүүлэг үзлэгт хамрагдаад оношлогдож буй хүний тоо 3-4 мянга байдаг. Иймд илрүүлгийг нэмэгдүүлэх, оношлогдсон хүн бүр эмчилгээнд хамрагдахын төлөө энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэв.
Сүрьеэгийн оношилгооны чиг хандлагын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лабораторийн тасгийн эрхлэгч Т.Оюунтуяа “Лабораторийн шинжилгээг ашиглан сүрьеэгийн үүсгэгчийг илрүүлэх нь сүрьеэтэй тэмцэх сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс орнууд сүрьеэгийн оношилгоог нян судлалын шинжилгээнд суурилан хийж байсан бол сүүлийн жилүүдэд молекул биологийн бодит хугацааны полимеразын гинжин урвалд /ПГУ/ суурилсан шинжилгээгээр нэвтрүүлэн ажиллаж байна. Манай орны хувьд энэхүү шинжилгээг 2013 оноос эхлэн ашиглаж эхэлсэн ба одоогийн байдлаар улсын хэмжээнд 41 лабораторид ашиглаж байна. Энэхүү шинжилгээг ашигласнаар сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илрүүлгийг богино хугацаанд хийх боломж бүрдэж байгаа юм” хэмээн ярьж байсан удаатай.
Ийнхүү өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|