Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Уул уурхайн салбарын лиценз эзэмшигч 185 ААН-ийн 10% орчим нь оффшор бүсэд бүртгэлтэй байна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт 2020 оны эцсийн байдлаар 2,642 тусгай зөвшөөрөл 2,363 компанид олгогдсон байна. Харин эдгээрээс 916 буюу 34.6 хувийнх нь эцсийн өмчлөгчийн мэдээлэл ил тод болжээ

Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга(ОҮИТБС)-д нэгдсэн компаниуд 2013 оноос эхлэн хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгож ирсэн. 2013 онд сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан бол 2020 оны нэгтгэл тайлангаар уг үзүүлэлт 3.2 дахин өсөөд байгаа нь энэ юм.

 
Эх сурвалж: http://ereporting.eitimongolia.mn/

2020 оны тухайд эцсийн өмчлөгч нь ил болсон 872 зөвшөөрлийн

  • 687 тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэний цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харьяалалтай байгаагийн 82.4 хувь нь Монголд бүртгэлтэй компаниуд юм. 
  • Харин аж ахуйн нэгжээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна. Эдгээрийн 68.6 хувь нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байна.

(Инфографикийн дээр байгаа суман дээр дарснаар 7 өөр төрлийн ангилсан мэдээллийг задалж харах боломжтой)

2020 онд олборлох салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчид орон нутагтаа 76.3 тэрбум, улсад ₮4 их наяд гаруй төгрөгийн татвар хураамж, хандив дэмжлэг, төрөл бүрийн төлбөр төлжээ. Үүнээс багахан хэсгийг л эцсийн өмчлөгч нь ил болсон компаниуд бүрдүүлсэн байна.

Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь буюу 38.4 тэрбум, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувь буюу 881.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна.

Доорх газрын зураг дээр дарж тухай улсад харьяалалтай, Монголын эрдэс баялгийн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг харна уу. 

2020 оны байдлаар нийт ил болсон 919 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдөөс 8 нь буюу нэг хүрэхгүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээд байгаа юм.

Харин хувь хүнээр тайлагнасан 916 эцсийн өмчлөгчөөс 8 нь л тухайн компанидаа удирдах албан тушаал хашдаг гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, эцсийн өмчлөгчид бараг тэр чигтээ үйл ажиллагаанд оролцоггүй болох нь эндээс харагдаж байна. 

Дэлхийн улс орнууд асар их мөнгө эргэлддэг уул уурхайн салбарын авлигын эрсдэл, далд хуйвалдаанаас зайлсхийхийн тулд эцсийн өмчлөгчдийг бүртгэж, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлох практикийг нэвтрүүлжээ. Үүний нэг нь ОҮИТБС-ын цахим тайлангийн системээр хүлээж авдаг эцсийн өмчлөгчдийн мэдээлэл юм. Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, өмчлөгчдийн нэр олон нийтэд нээлттэйгээр цахим орчинд байршиж байна. Ийм нээлттэй мэдээллийн сангуудыг үр дүнтэй ашигласнаар компаниуд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн далд схем, өмчлөлийн ярвигтай бүтцийг бий болгох эрсдэлийг хязгаарлах ач холбогдолтой талаар Ил тод байдлыг дэмжих замаар авлигыг бууруулах санаачилгаас бэлтгэсэн “Монгол Улсад эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг дэмжих нь: Хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх экосистем” нийтлэлд онцолжээ. 

Ил тод байдал бүрэн хангагдсан орчинд эрх баригчид ямар нэг явцуу эрх ашигт хөтлөгдөж, хувийн хэвшлийн сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж өгснийхөө төлөө авлига авах боломж байдаггүй аж. Энэ ч үүднээс эдийн засгийн суурь салбарын хувьд, мөн орон нутгийн уугуул иргэдийн амьдрах орчинд шууд болон шууд бус нөлөөтэй уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг ил тод, нээлттэй болгох нь чухал ач холбогдолтой. Тийм учраас Монголын ОҮИТБС сүүлийн 10 орчим жил эцсийн өмчлөгчдийн мэдээллийг нээлттэй болгоход тодорхой ахиц дэвшил гаргаад байна. Одоогоор Монголын ОҮИТБС-ын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийн санд найман жилийн өгөгдөл цуглажээ.

Монголын ОҮИТБС нь 2013 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн бол 2016 оноос ОҮИТБС-ын стандарт өргөжин, энэ чиглэлээр мэдээллийн санг үүсгэж, 2020 он гэхэд бүрэн ил тод болгох замын зургийг 2017 онд баталсан байдаг. Гэсэн хэдий ч эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах одоогийн практик бие даасан хуульгүй явж буйгаас 2020 он гэхэд эцсийн өмчлөгчдийг ил болгоно гэсэн зорилго хараахан биелээгүйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байгааг ОҮИТБС онцолсон байна.

Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээдийн талаарх ойлголтыг илүү тодорхой болгох, мэдээллийг ил болгох, мэдээлэл цуглуулах солилцох механизмыг сайжруулах, төрийн байгууллагуудыг чадавхжуулах гээд олон ажлыг хийх шаардлага байгааг мөн дурджээ.

Эцсийн өмчлөгчдийг ил болгож, олон нийтийн хараа хяналтыг сайжруулснаар улс орны хэмжээнд олборлох салбараас бүрдүүлэх орлого нэмэгдэж, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь олон жилийн турш шийдэгдээгүй ирсэн ядуурал, ажилгүйдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, Монгол Улсыг хөгжүүлэхэд саад болж буй сөрөг хүчин зүйлсийг арилгахад чухал хөшүүрэг болно. Одоогоор хуулийн этгээдийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг ил тод болгох ажил Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн тууштай бөгөөд идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт л урагштай явж байна.