• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын зорилтын 47.3% нь хүрэх үр дүн тодорхойгүй гэх АУДИТЫН ДҮГНЭЛТ гарчээ 

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт" сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланг Үндэсний аудитын газраас танилцуулаад байна. 

Тайлангаас харвал “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын үр нөлөөг дүгнээгүй, "Алсын хараа 2050"-ийн зарим зорилтууд шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхойлоогүй байна" гэх дүгнэлт гарчээ. 

Тодруулбал, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан байна. 

  1. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын зорилтын 47.3 хувь нь хүрэх үр дүн тодорхойгүй байсан бол, “Алсын хараа 2050”-ын зарим зорилго, зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг бүрэн тодорхойлоогүй, үнэлэх боломж бүрдээгүй байна.
  2. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжлийн институтийн бүтэц, зохион байгуулалт тогтворгүй, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй, босоо болон хэвтээ тогтолцооны уялдаа сул, нэгдсэн тогтолцоо төлөвшөөгүй байна.
  3. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зарим зорилт шалгуур үзүүлэлтгүй, тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц, бодитой байх шинжийг хангаагүй нь зорилт хэрэгжихгүй байх, үр дүнг үнэлэх, үр нөлөөг тооцох боломжгүй болох эрсдэлтэй байна.
  4. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ангилах, шинэчлэх, хянах, удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн нэгдсэн сан бүрдээгүй, системийг хөгжүүлж, шинэчлэх ажил удаашралтай, үр нөлөө хангалтгүй байна.
  5. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгын 244 шалгуур үзүүлэлтэд суурилсан “Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт” батлагдаагүй байгаа нь Монгол Улс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг 2030 онд үнэлүүлэхэд бэлэн бус байна.
  6. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" бодлогын баримт бичгийн 44 зорилтын I үе (2016-2020) шатны 127 хүрэх түвшингээс 10.2 хувь нь үр дүн хангагдсан, 42.5 хувь нь үр дүн хангагдаагүй, 47.3 хувь хүрэх үр дүн тодорхойгүй байгаа нь бодлогын хэрэгжилт, ахиц дэвшлийг тодорхойлж, үр нөлөөг үнэлэх боломжгүй байна.
  7. Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын I үе шат (2016-2020)-ны зорилтын үр дүн, үр ашиг, санхүүжилтийг нэгтгэж тайлагнаагүй, зорилтын үр нөлөөг үнэлэхгүйгээр “Алсын хараа 2050”-ыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
  8. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтворгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.7-д “...Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…" гэж заасантай нийцэхгүй байна.

Аудитын дүнгийн ерөнхий мэдээллийг хүргэж байна. 

БҮЛЭГ 1. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАГҮЙ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН ҮР НӨЛӨӨ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

  • Хөгжлийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох механизм сул, эрх зүйн орчны уялдаа хангалтгүй байна.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжлийн институт тогтворгүй, хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлээгүй, нэгдсэн тогтолцоо төлөвшөөгүй байна.
  • Хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан холбогдох байгууллага нь чиг үүргийн давхардалтай, хөндлөн болон босоо тогтолцооны уялдаа хангагдаагүй байна.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг үүсгэсэн боловч системийн үр нөлөө хангалтгүй байна.
  • Төрийн байгууллагад хөгжлийн бодлого боловсруулах албан хаагчид тавигдах мэргэжлийн тусгай шаардлага, нарийвчилсан зохицуулалтгүй байна.

БҮЛЭГ 2. “АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ЗАРИМ ЗОРИЛТ НЬ ТОДОРХОЙ, ХЭМЖИЖ БОЛОХУЙЦ, ХҮРЧ БОЛОХУЙЦ, ХЭРЭГЖИХҮЙЦ ШИНЖИЙГ БҮРЭН АГУУЛААГҮЙ БАЙНА

  • Дэлхийн тогтвортой хөгжлийн 17 зорилгын 244 шалгуур үзүүлэлтээс Монгол Улсад 96 шалгуур үзүүлэлтийг тооцох нөхцөл бүрдээгүй байна.
  • Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн загвар тогтворгүй байна
  • Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг 2016- 2020 оны хооронд үнэлж байсан ч үр дүн хангалтгүй байна.
  • УИХ-аас Засгийн газарт Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах чиглэл өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
  • “Алсын Хараа-2050” бодлогын баримт бичигт зарим зорилтын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг боловсруулж батлаагүй нь зорилтын хэрэгжилт, үр дүнг үнэлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна.
  • “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн зарим зорилт нь тодорхой, хэмжиж болохуйц, хүрч болохуйц, хэрэгжихүйц шинжийг бүрэн агуулаагүй байна

БҮЛЭГ 3. “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030”- ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ҮНЭЛЖ ДҮГНЭЭГҮЙ, ҮР НӨЛӨӨГ ТООЦООГҮЙ БАЙНА

  • “МУТХҮБ-2030”-ийн үр дүнг илэрхийлсэн үзүүлэлтүүд I үе шат (2016-2020)-ны хүрэх үр дүнг бүрэн хангаагүй байна
  • Макро эдийн засгийн бодлогын суурь зарчим бүрэн хангагдаагүй байна.
  • “МУТХҮБ-2030”-ийн 4 бүлгийн 44 зорилтын I үе шатны 127 хүрэх түвшингээс 10.2 хувь нь үр дүнг хангасан, 42.5 хувь нь үр дүнг хангаагүй, 47.2 хувь хүрэх үр дүн тодорхойгүйгээс үр нөлөөг нь тооцох боломжгүй байна.
  • Эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилгын I үе шатны 22 зорилтын 74 хүрэх түвшингээс үр дүнг хангасан 7, үр дүнг хангаагүй 31, хүрэх үр дүн тодорхойгүй 36 байна.
  • Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилгын I үе шатны 12 зорилтын 35 хүрэх түвшингээс үр дүн хангагдсан 5, үр дүн хангагдаагүй 13, хүрэх үр дүн тодорхойгүй 17 байна.
  • Байгаль орчны тогтвортой хөгжлийн зорилгын I үе шатны 6 зорилтын 14 хүрэх түвшингээс үр дүн хангагдсан 1, үр дүн хангагдаагүй 10, хүрэх үр дүн тодорхойгүй 3 байна.
  • Тогтвортой хөгжлийн засаглалын зорилтыг хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлоогүйгээс бодлогын зорилт 2020 онд хүрэх үр дүнг хангасан эсэхийг хянах боломжгүй байна.
  • МУТХҮБ-2030-ын баримт бичгийн I үе шатны зорилт, арга хэмжээний зардал, үр ашиг, үр нөлөөг тооцоогүй, санхүүжилтийг тайлагнаагүй байна
  • Үндэсний аудитын газраас 2018 онд хийсэн гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаас хойш үндэсний хэмжээний зорилтын биелэлтэд ахиц, дэвшил гараагүй байна.

Иймээс Үндэсний аудитын газраас аудитын дүн, дүгнэлт нотлох зүйлсэд үндэслэн дараах ЗӨВЛӨМЖийг өгч байгаа аж. Үүнд:

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайдад:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн зарим байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог төлөвшүүлэх;
  2. Хөгжлийн бодлого төлөвлөж, боловсруулах бүх түвшний оролцогч, иргэд, олон нийтийг иж бүрэн, цогц мэдээллээр хангах, мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг технологийн дэвшил ашиглан эрчимжүүлж, системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
  3. “Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийг боловсруулан түүнд нийцүүлэн “Алсын Хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хөгжлийн бодлогын зорилго, зорилтын хүрсэн үр дүн, түүний санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг тайлагнаж, үр нөлөөг үнэлэх, сайжруулах;
  2. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх ажлын уялдаа холбоог хангах.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт:

  1. Засгийн газраас баталсан холбогдох журмыг үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг шалгуур үзүүлэлт, хүрсэн түвшин, санхүүжилттэй нь уялдуулан үр дүн, үр нөлөөг бодитой хянаж үнэлэн, холбогдох байгууллагад үнэн зөв тайлагнах гэжээ. 

Аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтийг 2022 оны аравдугаар сарын 3-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд /Л.Оюун-Эрдэнэ/, ЗГХЭГ /Ц.Нямдорж/-д, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус зөвлөсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гарсан байна. 

Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тайлантай холбоотойгоор найман саналыг Үндэсний аудитын газар ирүүлсэн аж. Эдгээр тайлбарыг судлан үзэж, тайланд дурдсан асуудалд өөрчлөлт оруулаагүй байна. 

Аудитын тайлангийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой. 

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ын хүрэх үр дүн тодорхойгүй зорилго, зарим зорилтын жагсаалт: 

 
Төрийн аудит
 
Төрийн аудит