Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Ирээдүйн Өсөлт сангийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ? 

ikon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд батлагдсанаас хойш Санхүүгийн Зохицуулах Хорооноос 30 гаруй хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авчээ. Үүнээс ердөө 2 хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн захад гарч, нэгж эрх нь нээлттэйгээр арилжаалагдаж байна.

Бид энэ удаад Монголын хамгийн том санг удирдаж буй Мандал Ассет Менежмент хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой дэлгэрэнгүй ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Он дуусах гээд албан байгууллагууд хийсэн ажлаа дүгнэж байна. Хөрөнгө оруулалтын компанийн хувьд 2021 оныг хэрхэн дүгнэж байна вэ?

Бидний хувьд 2021 онд 7,000 хөрөнгө оруулагчтай 50 тэрбум төгрөгийн хамтын сан, 30 тэрбум төгрөгийн хувийн хаалттай санг байгууллаа. Мандал Ассет Менежмент ХОМК нь олон жил энэ бүхнийг төлөвлөж, бэлдсэн. Гагцхүү зах зээлд гарах зөв цагаа л хүлээж байсан. 2021 он бол тэр үе нь байлаа. Одоогоор бид 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө удирдаж байна. Тэгэхээр бидний ажлын үр дүн бол хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг хэр өсгөж байгаагаар хэмжигдэнэ. Хадгаламжид байсан мөнгөнөөс нь илүү өгөөж олж гэмээн сая сангийн менежер ажлаа хийж байна гэж үзнэ.

- Мандал Ирээдүйн Өсөлт сангийн банк худалдан авах үйл ажиллагааны явц ямар түвшинд явж байгаа вэ?

Банкны IPO нь цаг хугацаа шаардсан процесс. Монголын Топ-10 Аж ахуй нэгжид багтдаг эдгээр компаниуд нээлттэй болохын тулд бэлтгэл ажил хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд банкнууд үнэлгээгээ хийж, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн. Зохицуулагч байгууллагуудын зүгээс тус үнэлгээ, бизнесийн төлөвлөгөөг нь судлаад бодитой бол IPO хийх зөвшөөрлийг өгч эхэлсэн. Тухайн зөвшөөрлөө авсны дараа групп компанид харьяалагддаг банкнуудын хувьд дотоодын хувь эзэмшлээ хэрхэн шийдэх асуудал яригдсан. Энэ бүх процесс явсаар 2021 оныг дуусгаж байна. Гэхдээ оноос өмнө Богд банк IPO-г эхлүүлж, зах зээлээс 33 тэрбум төгрөг босгож, нээлттэй хувьцаат компани боллоо. Хөрөнгийн бирж дээр банкны хувьцааны үнэ бичигддэг боллоо.

2022 он гараад системийн нөлөө бүхий банкнууд IPO хийхээр яригдаж байна. Тэгэхээр бидэнд 3-4 сар л үлдэж байна. Эхний IPO-р нийтдээ 600 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх хэрэгцээ банкнуудад үүсэж байна. Өөрийн хөрөнгөөр нь тооцвол тухайн үнийн дүнгийн бараг тал нь Хаан банк байна. Харин тал нь Хаан банкнаас бусад том 4 банкны бусдаас татан төвлөрүүлэх мөнгө байна. Бидний зүгээс эдгээр банкнуудтай тогтмол уулзалт хийж, уулзалтын явцад тодорхой үр дүнгүүдэд хүрээд явж байна. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй учраас одоохондоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Энэ нь эргээд гэрээ хэлцэлд сөргөөр нөлөөлдөг.

 

Уулзалтын процесс нь мэдээлэл солилцох, эхний байдлаар санал тохиролцох, цаашлаад нууцын гэрээ байгуулж үнэлгээ хийх, эргээд үнэлгээгээ ярилцаж зөвшилцөлд хүрэх гэх мэтээр шат дараатай цаг хугацаа шаардсан процесс болно.

- Юутай ч банкны IPO тун дөхөж байгаа юм байна. Тэр хүртэл санд татан төвлөрүүлсэн хөрөнгө хаана байршиж байна вэ?

Банкны IPO эхлээгүй гээд бид сангийн хөрөнгийг өгөөжгүй байлгаж болохгүй. Мөнгө гэдэг зүйл секунд, минутаар өсөлт нь хэмжигддэг үед бид мөнгийг өгөөжгүй сул байршуулж болохгүй. Тиймээс банкны IPO эхэлтэл богино хугацааны хөрөнгө оруулалтуудыг бид хийж эхэлсэн. Одоогоор Мандал Ирээдүйн Өсөлт сангийн хөрөнгө нь мөнгөний захын хэрэгсэл (хадгаламжийн хэрэгсэл), хөрөнгийн захын нээлттэй хэрэгслүүдэд (нээлттэй бонд, компанийн хувьцаа) тус тус байршиж байна. Өөрөөр хэлбэл, сангийн хөрөнгө тодорхой өгөөжтэй хөрөнгө оруулалт дээр байршиж, өсөж байгаа гэсэн үг. Банкны IPO эхлэх гэж байгаа тул богино хугацаатай, эргээд хөрвөх чадвартай хөрөнгө оруулалт хийх тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна.

Харин банкны IPO эхлэхэд санд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын маань хөрөнгө  хэд хэдэн янзаар өсөх боломжтой.

  • Тухайн банкийг тодорхой хямдралтай авах нь чухал. Ингэснээр тухайн банкны хувьцааны үнэ өсөөд эхлэхэд хямдралтай авсан хувиар өгөөж нэмэгдээд явна гэсэн үг.
  • Том банкийг худалдан авсны дараа сангийн нэгж эрхийн үнэ нь тухайн банкны хувьцааны үнэтэй уялдаад явна. Түүнээс гадна сангийн хөрөнгийн тодорхой хувь нь өндөр өгөөжтэй нээлттэй бонд, хувьцаан дээр байршина. Улмаар сангийн хөрөнгийн багц бүрдэж байна гэсэн үг. Бид энэхүү багцыг хамгийн өгөөжтэй, эрсдэл багатай байхаар удирдаад явна.
  • Мэдээж том банк учраас тогтмол ашиг өгөөд явах боломж бий. Тэр үүднээс ногдол ашиг тараах шийдвэр гаргахад сан ч бас дагаж ногдол ашиг тараагаад явна гэсэн үг.

Сангийн үйл ажиллагаа явуулах хугацаа 10 жил. Энэ хугацааг тухайн үед нь сунгаад явах боломжтой. 10 жилийн дараа л мөнгө өснө гэсэн үг биш бөгөөд жил бүр тогтвортой өсөөд явах боломжтой. Харин тэрхүү өсөлтийг хэр хурдасгах вэ гэдэг нь бидний банк дээр хийх ёстой ажлуудаас ихээхэн хамаарна.

- Одоогоор Хөрөнгийн биржид сангийн нэгж эрх 980 орчим төгрөгөөр арилжаалагдаж байна. Нэгж эрхийн үнэ унаад байгаа нь хөрөнгө оруулагч алдагдалд орж байгаа гэсэн үг үү?

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын сан нь урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэдгийг санах хэрэгтэй болов уу. Цаана нь тодорхой ажил хийгдэж, үр дүн гарч байж хувьцааны үнэ бодитоор тогтож явна. Одоогоор банкны IPO эхлээгүй байгаа учраас үнийн өсөлт, бууралт дээр төдийлөн ач холбогдол өгөх хэрэггүй юм.

Зах зээл дээрх хөдөлгөөнийг бид хэвийн гэж үзэж байгаа. Сангийн хөрөнгийн ердөө 0.05 хувь нь л арилжаалагдаж байна. Тус хөдөлгөөний гол шалтгаан нь хөрөнгө оруулагчдад гэнэт бэлэн мөнгөний хэрэгцээ үүсэх, койн руу хөрөнгө оруулах гэх мэтээр олон янз байна. Харьцангуй бага дүнгээр (2 сая хүртэлх) хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын авах, зарах арилжаа идэвхтэй байна.

Бидэнд анзаарагдсан зүйл нь манай хөрөнгө оруулагч нар урт хугацааг илүүтэй харж хөрөнгө оруулалт хийгдсэн нь харагдсан. Урт хугацаа гэдэгт заавал 10 жилийг хамарч ойлгох шаардлагагүй. Банкны IPO эхэлж, банкаа худалдан авч, тодорхой стратеги барин ажилласнаар 2-3 жил дотор ч өсөлт хийх боломжтой. Ялангуяа томоохон банкнуудын хувьд үйл ажиллагаа нь тогтворжсон учраас хугацаа ч бага орно.

- Нэгж эрхийн үнэ унаад байгаад хөрөнгө оруулагч нар санаа зовох хэрэггүй гэсэн үг үү? Бодитоор алдагдалд ороогүй гэж ойлгох уу?

Зах зээл дээр тогтож буй үнэ нь тухайн барааг сонирхож байгаа хөрөнгө оруулагчдын хооронд авч, зарж буй арилжааны үр дүн юм. Харин санд оруулсан хөрөнгөө бодитоор хэрхэн өсөж буйг цэвэр хөрөнгийн үнэ цэн (NAV)гэх үзүүлэлтээр хардаг.

Сангийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснээс хойш энэ үзүүлэлт тасралтгүй өссөөр өнөөдөр 1,021 төгрөгтэй байна.

 

Бид Хөрөнгийн зах дээр ямар компанийн хувьцаа авбал дээр вэ? гэж их асуудаг. Тодорхой хэмжээнд бага үнэлэгдсэн, цаашид өсөх боломжтой хувьцааг авбал хамгийн зүгээр гэж танд мэргэжлийнхэн санал болгодог. Миний хэлэх гээд байгаа санаа гэвэл нэгж эрхийн үнэ нь цэвэр хөрөнгийн үнэ цэнэ (1021₮) гэх үзүүлэлт рүү гээ байнга тэмүүлж байдаг.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

Бид хөрөнгө оруулагч нартайгаа нэг завинд суусан. Энэ үгийг би байнга дотроо бодож явдаг. Тиймээс илүү хол замыг хамтдаа туулахын тулд завин дээр байгаа бид нэгдмэл, нэгдсэн ойлголттой байх ёстой. Санхүүгийн зах зээл хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед бид сэргэг, судалгаатай, мэдээлэлтэй байж гэмээн түрүүлж алхах болно. Энэ үүднээсээ сангийнхаа хөрөнгө оруулагч нараа чадавхжуулж, урт хугацаанд хамтран ажиллах нь бидэнд чухал.

Өнгөрсөн хугацаанд Сангийнхаа хөрөнгө оруулагч нартаа зориулан Мандалын Хөрөнгө Оруулагч сургалтыг хүргэлээ. Түүнчлэн сүүлийн үеийн эдийн засаг, банкны салбарын тойм, сүүлийн үед IPO хийж буй компаниудын үнэлгээ, тренд болж буй хөрөнгө оруулалтын судалгааг ч давхар хүргэж байна. 2022 он гараад хөрөнгө оруулагч нартайгаа нэгдсэн том уулзалт хийе гэж төлөвлөж байна. Мэдээж ковидын нөхцөл байдал дээрдэх байх гэж найдаж байна. 2022 онд бид их үйлсээ эхэлнэ. Бид хангалттай бэлдсэн. Одоо үр дүнгээ харуулах л үлдэж байна.

Урт хугацааг харж хөрөнгө оруулалтаа хийсэн ухаалаг хөрөнгө оруулагч танд баярлалаа.