Ойн салбарын үндэсний чуулган энэ сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй тус чуулганд 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр. хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд цахимаар болон биечлэн оролцож байна. Чуулганы үеэр дөрвөн үндсэн салбар хуралдаан болно. Тодруулбал,
Чуулганыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн нийт талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэн, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэдэд мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг биелүүлэх хүрээнд нэн тэргүүнд байгалийн сэргэн ургалтыг дэмжих, зориудаар ойжуулалт хийх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Нөгөө талаас ойн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. Цөлжилтийг сааруулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ойн салбарынхан мэдэж байгаа" гэдгийг онцоллоо.
Монгол Улс сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Манай орны агаарын жилийн дундаж температур 2.4 градусаар дулаарч, өвлийн улирлын хур тунадас 20% орчим нэмэгдэж, зуны улирлын хур тунадас 7% орчим буурсны зэрэгцээ хур борооны шинж байдал өөрчлөгдсөн нь хөрсөнд чийг өгөхөөсөө илүүтэйгээр эвдрэл үүсэхэд нөлөөлж байгаа юм.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн. Энэ нь манай орны төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд онцгой ач холбогдолтой тул бусад орнуудын анхаарал тавин ажиглаж байгаа юм. Тэгвэл манай улсын ойн өнөөгийн нөхцөл байдал, "Тэрбум мод" хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр "Монгол Улсын хэмжээнд 1.8 сая га талбай бүхий ой доройтоод байна. Үүний 1.5 сая га нь байгалийн сэргэн ургах чадвараараа ургаж, 300 мянган га талбайг зориудаар ойжуулах шаардлага тулгарч байна. Хэнтий, Завхан, Дорнод аймагт ойн доройтол хамгийн эрчимтэй явагдсан.
300 мянган га талбайд зориудаар ойжуулалт хийхээс гадна говь, хээрийн бүсийн 290 мянган га талбайд хамгаалалтын ойн зурвас хийж, ойжуулахаар төлөвлөж байгаа. Ингэхдээ булаг, шанд усны эхийг хамгаалах ажлыг хийнэ. Нэг га-д ойжуулалт хийх нормативыг шинэчлэн баталж, 2-3 дахин нэмэгдүүлсэн гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.
"Тэрбум мод" хөдөлгөөний ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд 2024 он гэхэд эрх зүйн тогтолцоог бий болгох, үр, тарьц суулгацын нөөх бүрдүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг гүйцэтгэж 2025-2030 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулах арга хэмжээ тогтворжоод явна" хэмээн ярилаа.
Монгол Улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна.
Энэ сарын 8-11-ний өдрүүдэд болон дөрвөн салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмж, шийдлүүдийг 15-нд Төрийн ордонд болох Үндсэн чуулганд танилцуулж харьяа яам болон холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!