Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Агаар, орчны бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд ₮456 тэрбумыг зарцуулсан ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
2021.10.30-ны өдөр Улаанбаатар хот Гэрэл зургийг MPA.mn

Улсыг удирдаж буй эрхмүүд Улаанбаатар хотыг утаанаас нь салгаж чадна гэдэг горьдлого улам бүр тасарсаар.

2017 онд баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” домог болж мартагдсан талаар бид өмнө хөндсөн. Тэгвэл уг хөтөлбөр хэрэгжихгүй, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл ч бага байгааг Аудитын дүгнэлт нотлов. 

Баталсан хөтөлбөрт нь бичсэнээр бол 2020 он гэхэд нэлээд олон ахиц дэвшил гарахаар байсан боловч хэрэгжилт нь 2020 оны байдлаар 40 орчим хувь нь хэрэгжээгүй, 456 тэрбум төгрөг зарцуулаад агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ буураагүй ба нэмэгдсэн, утаанаас үүдэлтэй өвчлөл цөөрөөгүй байна. 

Өнгөрсөн дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд зарцуулсан 456 тэрбум төгрөгийг задалж харвал:

График. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн судалгаа (тэрбум төгрөгөөр)

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн 6.1-д “Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, ажлыг дараах5 эх үүсвэрээс санхүүжүүлнэ” гэж заасныг үндэслэн 2017-2019 онд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр

  • улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг
  • Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум төгрөг
  • Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Гэвч хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргаас бусад хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд жил бүрийн улсын төсөвт төлөвлөдөггүй болохыг Үндэсний аудитын газар тогтоосон байна.

Ийм хэмжээний мөнгө зарцуулсан ч үзүүлэлтүүд сайжраагүйг дараах тоонууд харуулж буй юм.

Агаарын чанарын үзүүлэлтүүдээс хүхэрлэг хийн агууламжаас бусад үзүүлэлтүүд 2016 он буюу суурь түвшнээс буурсан боловч стандарт хэмжээнд хүрээгүй. 

Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад РМ2.5 тоосонцор 30 мкг/м3, РМ10 тоосонцор 38 мкг/м3, Азотын давхар исэл (NO2) 1 мкг/м3-ээр багассан бол хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэссэн байна.

  • Хүхэрлэг хийн агууламж 2016 онд стандартаас 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж 47 мкг/м3 болж Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.4 дахин өндөр;
  • PM10 тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 128 мкг/м3 буюу Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 6.3 дахин өндөр байсан бол 2020 онд 90 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 4.5 дахин өндөр;
  • PM2.5 тоосонцрын 2016 оны жилийн дундаж агууламж 79 мкг/м3 буюу Монгол Улсын стандартаас 3.16 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 3.95 дахин өндөр байсан бол 2020 онд 49 мкг/м3 болж буурсан ч Монгол Улсын стандартаас 1.9 дахин их, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.45 дахин өндөр

буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гол агууламжууд байх ёстой хэмжээнээс өндөр хэвээр байгаа юм. 

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2016 оны буюу суурь түвшинтэй харьцуулахад өөрчлөлт гараагүй 

 
2021.10.30-ны өдөр Улаанбаатар хот Гэрэл зургийг MPA.mn

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэхүү эх үүсвэртэй холбогддог өвчлөлүүдийг үзүүлэлтэд ахиц дэвшил гараагүй гэж болохоор байна.

Улаанбаатар хотод 2016-2020 онд амьсгалын замын тогтолцооны өвчний улмаас 1,688, зүрх судасны тогтолцооны өвчний улмаас 10,940 хүн нас баржээ. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 10,000 хүн амд 2020 онд 15 болж, 2016 оноос 0.5-аар өссөн бол амьсгалын замын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт 2020 онд 2.1 болж 0.3-аар буурсан байна.

Судлагдсан хугацаанд 10,000 хүн амд ногдох уушгины хатгалгаа 0.3, цусны даралт ихсэх 0.2, зүрхний шигдээсний шалтгаант нас баралт 0.1-ээр тус тус буурсан, уушгины хавдрын шалтгаант нас баралт 0.3-аар нэмэгджээ.

Үүнээс үзвэл, өвчлөл, нас баралтын тоо хэмжээний үзүүлэлтэд дорвитой өөрчлөлт гараагүй байгаа нь агаарын бохирдлын нөлөө үргэлжилсээр буйн илрэл гэдгийг ҮАГ-ын тайланд онцолж.

Улаанбаатар хотод 2020 онд хийсэн судалгаагаар 2016 он буюу суурь оноос 10,000 хүн амд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн томуу ба уушгины хатгалгаа өвчний шалтгаант нас баралт 2.7-оор, 25-аас дээш насны хүн амын даралт ихсэх өвчний шалтгаант нас баралт 3.5-аар тус тус буурсан, харин уушгины архаг бөглөрөлт өвчний шалтгаант нас баралт 0.1-ээр, уушгины хавдар 0.6-аар, зүрхний шигдээс 0.2-оор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нас баралтын дүнд дорвитой өөрчлөлт гараагүй нь агаарын бохирдлын сөрөг нөлөө хэвээр үргэлжилсээр байгааг харуулж байна.

  • Амьсгалын тогтолцооны өвчин 10,000 хүн ам тутамд 2016 онд 479.9 байсан бол 2019 онд 504.5 болон нэмэгджээ.
  • Зүрх судасны тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2016 онд 356.3 байсан бол 2019 онд 376.1 болж өссөн байна. 

Ийнхүү ахиц гараагүй нь олон шалтгаантай байгаагаас хөтөлбөрийн зарим ажлыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөнд тусгаагүй, зарим агентлагууд төсөвтөө ч тусгаагүй байсан нь харамсалтай.

Тухайлбал, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш 1 жил 3 сарын дараа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталснаас тус хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа хойшилж, нийслэлийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний 28.9 хувийг нь мастер төлөвлөгөөнд тусгалгүй орхигдуулжээ.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргаас бусад хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд жил бүрийн улсын төсөвт төлөвлөдөггүй байна.

Аудитын явцад нийт 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгчээ. Зөрчил дундаас ₮10.4 тэрбумаар хэмжигдэх асуудлыг арилгуулах албан шаардлага хүргүүлсэн ч энэ талаар арга хэмжээ аваагүй буюу тоогоогүй тул ҮАГ хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, БНХАУ-ын нэр бүхий 3 компанитай шууд гэрээ байгуулж, 10.4 тэрбум төгрөгийн 290 ширхэг шүүлтүүр худалдан авахдаа 240 ширхгийг нь Гаальд мэдүүлэлгүй буюу бүртгэлгүй оруулж ирсэн зөрчил илэрчээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагад суурилуулсан шүүлтүүрийг ашиглаж буй мэдээллийг ирүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон байна. 

Сайжруулсан түлш хэрэглэсэн хугацааг нүүрс түлж байсан үетэй харьцуулахад уушгины архаг бөглөрөлт, даралт ихсэх болон зүрхний шигдээс өвчний хувьд өөрчлөлт ажиглагдаагүй

 
2021.10.30-ны өдөр Улаанбаатар хот Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, агаарын чанарын бүсэд хамаарах айл өрхүүдэд эрчим хүчний орой, шөнийн тарифын хөнгөлөлт олгох арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотой Аудитын тайланд дурдсан зарим анхаарал татсан зөрчлүүдээс тоймлон хүргэе.

  • Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн буюу 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацааг түүхий нүүрс хэрэглэж байсан буюу 2018 оны аравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдолтой харьцуулахад уушгины архаг бөглөрөлт өвчин, даралт ихсэх болон зүрхний шигдээс өвчний хувьд өөрчлөлт ажиглагдаагүй.
  • "Таван толгой түлш" компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн 2019.07.22-ны өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлээр гэр хорооллын 400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг бий болгох талаар гишүүдээс гаргасан саналыг дэмжиж, 356 борлуулалтын цэг байгуулж, борлуулагч нартай гэрээ байгуулсан бөгөөд оны эцэст 26 цэг нэмж, нийт 382 цэгтэй болсон байна.
  • Засгийн газрын 2020 оны 189 дүгээр тогтоолоор нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, төвийн зургаан дүүргийн 5 хороог Агаарын чанарын бүсэд шинээр нэмж, өөрчлөлт оруулснаас сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэх шаардлагын дагуу тооцоо судалгаагүйгээр, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1273 дугаар захирамжаар 51, Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар 628 цэг нэмж, нийт 679 цэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг тооцоо, судалгаагүй нэмснээс борлуулалтын урамшууллыг хянаж, баталгаажуулахад хүндрэл үүссэн байна. 
  • Борлуулалтын урамшуулалд 2019 онд 1.9 тэрбум, 2020 онд 5.8 тэрбум төгрөгийг борлуулагч нарт олгосон бөгөөд “Тавантолгой түлш” компанитай гэрээ байгуулсан борлуулагч нарт олгосон урамшууллын ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг аль байгууллага хариуцан төлөх нь тодорхойгүй, батлагдсан төсөв байхгүйгээс шалтгаалан төлөөгүйгээс нийт 1 тэрбум төгрөгийг өр төлбөр үүссэнийг шийдвэрлээгүй байна.
  • “Таван толгой түлш” компаниас ирүүлсэн анхан шатны баримт, тооцоо нийлсэн актыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар хянаж, борлуулагч нарт олгох борлуулалтын урамшууллыг санхүүжүүлсэн боловч тус газар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа 679 цэгийн борлуулалтын хэмжээг бүрэн хянаж, тооцоог бодож, баталгаажуулж чадахгүй байна.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор баталсан 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй, тооцоо судалгаагүй, хаана, хэзээ ашиглах нь тодорхойгүй арга хэмжээг санхүүжүүлж, төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.715 дахь хэсгийг зөрчсөн байна.Үүнд: 

  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиралтай 292 сая төгрөгийн 28 нэр төрлийн хийн шинжилгээний багажуудыг нийлүүлэх 2019 оны 2019/158 дугаар гэрээг шууд байгуулан санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн боловч гэрээнд бараа нийлүүлэх хугацааг тодорхой тусгаагүй, барааг нийлүүлээгүй;
  • БОАЖС-ын 2019 оны А/790 дугаар тушаалыг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй “2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2020 оны тавдугаар сар хүртэл “Тавантолгой түлш” компанийн 504 борлуулалтын цэгээс түүвэрлэн сайжруулсан түлшний дээж авч чанарын хяналт, шинжилгээ, судалгаа орчны бохирдлын хяналт хийх” 138 сая төгрөгийн судалгааны ажлыг гэрээг байгуулж, санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн боловч судалгааны ажлыг дуусгах хугацааг гэрээнд тусгаагүй, тус ажлын зориулалт тодорхой бус, гэрээний дагуу хийсэн ажил байхгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй байна;
  • БОАЖС-ын 2019 оны А/781 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1357 дугаар захирамжаар Нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 95 хорооны орон тооны бус ажилтныг урамшуулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан халаалт, гэр байшингаа дулаалсан шилдэг өрхийн шагнал, урамшуулалд гэр байшингаа дулаалсан шилдэг айл өрхөд (95х200 мянган төгрөг) 19 сая төгрөг, Манжуур хотын аялалд (380х280 мянган төгрөг) 106.4 сая төгрөг буюу нийт 125.4 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, гэр байшингаа дулаалсан өрхөд олгох урамшууллын 19 сая төгрөгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт эрх шилжүүлэн шилжүүлж, Манжуур хотын аялал цар тахал гарч хил хаагдсантай холбоотой аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон тул 2019, 2020 онуудад Нийслэлийн төрийн санд 106.4 сая төгрөгийг буцаан төвлөрүүлсэн;
  • “Баруун Монголын Экологи Төв” ТББ-д агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн судалгааны эмхэтгэл бэлтгэх ажлын 80 хувийн урьдчилгаа 36 сая төгрөгийг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд шилжүүлсэн боловч тус ажлыг дуусгаж хүлээн аваагүй, ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна;
  • УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.3.416, Засгийн газрын 2019 оны 23 дугаар хуралдаанд БОАЖС-ын Туул голын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд хүргэсэн мэдээллийг үндэслэн хуралдааны тэмдэглэлээр тус төслийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосныг үндэслэн тус сайдын 2019 оны А/360 дугаар тушаалаар “Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологи инновацыг дэмжих, урамшуулах” ажлын хүрээнд хэрэгжүүлэх Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх төслийн 800 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулах эрхийг Туул голын сав газрын захиргаанд шилжүүлсэн буюу 70 хувийн урьдчилгаанд 548.8 сая төгрөгийг олгосон боловч ажлын даалгаварт тусгасан ажлыг бүрэн хийгээгүйгээс үлдэгдэл 231.2 сая төгрөгийг олгоогүй, ажлыг гүйцэтгэх явцад 2019 оны 11 дүгээр сарын 7-нд төсвийг 1,440.5 сая төгрөг байхаар магадлалын дүгнэлт гарч, төсөвт өртөг нэмэгдсэнээс дахин санхүүжилт хийх боломжгүй болжээ.

Энэ мэтчилэн агаар, орчны бохирдлыг бууруулахаар хийж байгаа ажлууд үр дүнгүй, төсвийн мөнгө тооцоо судалгаагүй үрсэн ажил болсоор байна.