Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Зарим эмийн нөөц дуусаж, хомсдол үүсжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Сурвалжилга -

Цар тахлын улмаас Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон билээ. Үүнтэй холбоотойгоор импортоор орж ирдэг зарим эмийн нөөц дуусаж, хомсдол үүсжээ. Энэ талаар сурвалжилсан юм. 

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт сахиур хийж буй нэгэн иргэнтэй холбогдоход “Тархины цусан хангамж сайжруулдаг Актовегин тариаг энгийн өрхийн эмнэлгээс эхлээд гуравдугаар шатлалын сэхээний тасгуудад хүртэл байнга хэрэглэдэг. Гэтэл сүүлийн хагас сар орчим энэ тариа олдохоо больсон. 

УХТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа харвалттай хүмүүсийн ар гэрийнхэн Актовегиныг хайгаад олохгүй байна. Шөнө дөлөөр ч хамаагүй бие биеэсээ асууж сураглаад ганц нэг эмийн санд очдог ч аль хэдийн дуусчихсан, олдохоосоо олдохгүй нь түгээмэл.

Бас дотрын хагалгааны дараах эмчилгээнд өдөр болгон хэрэглэгддэг Флуконазол мөөгөнцрийн эсрэг дусал олдоц нь ховордоод 1 сар орчим боллоо. Цөс, нойр булчирхай нь үрэвссэн, ходоод нь цоорсон, олгой нь дотроо хагарч саажилт өгсөн гээд амь нас нь хором мөчөөр хэмжигдэж байгаа хүмүүс ихэвчлэн байна.

Тэр хүмүүсийн ар гэрийнхэн нь мөөгөнцрийн эсрэг дусал болох Флуконазолыг хотын эмийн сангуудаар хайгаад олоогүй, "Орж ирэхээ болиод удаж байна" гэсэн хариулт сонсож, хаа байсан хөдөө орон нутгаас захиж авчруулж байгаа.

Эрээнд КОВИД-19 гарсны улмаас импортоор оруулж ирэх эмийн хугацаа хойшилж, ирсэн ч цөөн хэд орж ирээд ганц нэг эмийн сангаар нэмэгдсэн үнээр тараагдаж байна.

Энэ мэт дотор үрэвслийн халууныг бууруулдаг дусал тарианууд, даралт тогтворжуулдаг бэлдмэл, үрэвслийн эсрэг хавсарч хэрэглэдэг хүчтэй антибиотикуудын олдоц үнэхээр ховордсон байна” хэмээн ярьсан юм.

Ямар төрлийн эмүүд дутагдалтай байгаа талаар тодруулахаар эмийн сангуудыг зорилоо. 

Азифарм, Монос, Нархан фарм, Хүрмэн зэрэг эмийн сангуудын зарим салбарт тухайн иргэний ярьснаар Актовегин тариа, Флуконазол эм байсангүй. Харвалт өгсөн, тархи мэдрэлийн өвчнөөр шаналж буй өвчтөнүүдэд нэн шаардлагатай эм болох Актовегин ихэнх эмийн санд тасраад хоёроос гурван сар болж байгаа аж. 

"Тариур болон дуслын систем ирэхгүй байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn
Түүнчлэн дусал тариа болох Ренгер, Натри хлорид 100 мг, 250 мг, тариур болон дуслын систем ирэхгүй байгаа талаар эмийн санчид хэлж байлаа. 

Амоксиклав, Флемоксин зэрэг антибиотикууд нэг удаагийн зүү, тариур, систем, цэр ховхлох АЦЦ, КОВИД-19-ийн үеийн эмчилгээний эмүүд, гар ариутгагч спирт ховорджээ. 

Сүхбаатар дүүргийн өрхийн эмч "Мэдрэл, үе мөчний өвдөлт намдаах Тебантин эмийн олдоц тааруу байгаа. Миний хувьд хувийн хэрэгцээнд хэрэглэхээр хэд хэдэн эмийн санд орсон ч энэ эм алга байна. Мөн 100 мг-ийн хэмжээтэй  натри болон тариур дууссан" гэсэн юм. 

"Хагалгааны дараах халдвараас сэргийлэх Цефотаксим нэртэй тариаг хайгаад олоогүй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгчдийн хэсэгт суух иргэн "Г" "Цус шингэлэх үйлчилгээтэй эм, хагалгааны дараах халдвараас урьдчилан сэргийлэх Цефотаксим нэртэй тариаг хайгаад олоогүй. Эмийн сангийн нэгдсэн групп гэсэн хаяг сошиал сүлжээнд байдаг. Тэнд эмийн сангуудад байхгүй байгаа эмийг илүү үнэтэй  зарж байсан. КОВИД-19-өөр далимдуулж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс гадна эмийн үнэ нэмэгдсэн" гэдгийг учирласан юм. 

Цефотаксим тариа нь өмнө нь эмийн сангуудаар нэг ширхэг нь 1,500 орчим төгрөгөөр зарагдаж байсан бол цахим сүлжээнд зарж буй хүмүүстэй холбогдоход 3,500-4,000 төгрөгийн үнэтэй байв.

Эм хангамжийн 80 хувийг импортоор бүрдүүлдэг

Манай улсад 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 4,233 эм бүртгэлтэй байна. Эм хангамжийн 20 хувийг дотоодын үйлдвэр, 80 хувийг импортоор авч бүрдүүлдэг аж. 2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эмийн импорт байжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7,500 гаруй иргэнээс авахад

  • 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй,
  • 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол
  • 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэсэн хариулт өгч байжээ.

 Эмийн хүртээмж, нөөцийн асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодруулга авахаар хэд хэдэн удаа холбогдсон ч "Хуралтай байна, тодруулга өгөх боломжгүй" гэв.

Тус газар нь иргэн бүрийг, чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг билээ. Гэтэл зарим эмийн нөөц дуусаж, иргэд гадуур илүү үнэ төлж эм худалдан авч, эсвэл бүр олдохгүй тохиолдол ч байсаар байхад албаныхан энэ талаар тайлбар өгөхөөс татгалзав. 

Эм, тарианы хүртээмжийн асуудалд анхаарал хандуулж, нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.