- Сурвалжилга -
БНХАУ-аас Монголд бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд COVID-19-ийн халдвар гарсан учир энэ сарын 13-ны өдрөөс Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоосон.
Үүний улмаас хамгийн түрүүнд хүнсний нарийн ногооны нийлүүлэлт тасалдаж, хомсдолд ороод байгаа юм.
Энэ нь худалдаачид болон хоол үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар бодит байдлыг сурвалжлахаар "Барс" худалдааны төвийг зорилоо.
Үргэлж автомашин овоорч, хүмүүс бужигнаж байдаг "Барс" захын үүдээр ороход л хүн хөдөлгөөн арай сийрэг байсан юм.
Ингээд хамгийн түрүүнд дайралдсан "Нарийн ногооны бөөний дэлгүүр"-ээр шагайхад хэдэн хайрцаг өргөст хэмхээс өөр ногоо байсангүй.
Гэтэл худалдагч "Энэ хэдэн хайрцгийг хүн захиалчихсан учраас зарахгүй. Өөр ногоо орж ирэхгүй байгаа" гэж хэлээд хаалгаа хаасан нь хил гаалийн саатлаас болж "Барс" захын зарим нарийн ногооны лангуу ажиллахгүйд хүрсэн гэх явган яриаг баталсан юм.
Цааш явж хэд хэдэн дэлгүүрээр орсон ч тус бүр ОХУ-аас оруулж ирсэн гэх хэдэн хайрцаг өргөст хэмхээс өөр нарийн ногоо үлдээгүй байв. Тухайн өргөст хэмх өмнө нь БНХАУ-аас оруулж ирдэг байснаас хоёр дахин өндөр үнээр худалдаалагдаж байгааг түрээслэгчид хэллээ.
Нэрээ нууцлахыг хүссэн түрээслэгч “Эрээн боомт хаагдсанаас хойш нарийн ногоо орж ирэхгүй болоод 10 гаруй хонолоо. Бид хэд хоногийн өмнөөс ОХУ-ын Эрхүү мужаас өргөст хэмх татан оруулж ирэх болсон. Энэ нь гэхдээ БНХАУ-ынхаас хэд дахин үнэтэй байгаа юм.
Тухайлбал, БНХАУ-аас орж ирсэн өргөст хэмх 6,000-7,000 төгрөгөөр худалдаалагддаг бол одоо ОХУ-аас орж ирж байгаа нь килограмм тутамдаа 13,000 төгрөгийн үнэтэй байна. Үнийн ийм өсөлттэй холбоотойгоор худалдан авалт ч бага болсон. Зарах бүтээгдэхүүн нь байхгүй болохоор зарим лангуу ажиллахаа больсон” хэмээн ярив.
Энэ үеэр өөр нэг түрээслэгч хил хаасныг далимдуулан дотоодын үйлдвэрлэгчид нарийн ногооны үнээ хэт хөөрөгдүүлсэн талаар хэллээ.
Тэрбээр "Хил хаахаас өмнө Монгол өргөст хэмх 6,000-7,000 гаруй төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл хил хаагдаж, нарийн ногоо ховордсоноос хойш үнэ нь шууд л 10,000 гаруй төгрөг болж хөөрөгдсөн. Бид хэд хоногийн өмнөөс ОХУ-аас өргөст хэмх татан оруулж ирснээс хойш үнэ нь бага зэрэг буурч байна.
Ер нь хил хаагдангуут л ганц өргөст хэмх ч биш дотоодын бүх нарийн ногооны үнэ дагаад нэмэгдсэн. Брокколи гэхэд л өмнө нь 6,000 төгрөг байсан бол одоо 18,000 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэв.
Тухайн лангууны зарж байсан Монгол өргөст хэмх нэг килограмм нь 15,000 төгрөгийн үнэтэй байсан бол ОХУ-аас оруулж ирсэн нь 13,000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм.
Барс худалдааны төвд хил хаагдахаас өмнө БНХАУ-аас оруулж ирсэн өргөст хэмхийн килограмм тутмын бөөний үнэ 3,000-3,500 төгрөг байжээ.
Нэг килограмм нь 15,000 төгрөгийн үнэтэй гэх, ганцхан лангуу дээрх хэдэн ширхэг Монгол өргөст хэмхээс өөр дотоодын нарийн ногоог тус худалдааны төвөөс дахиж хайгаад олсонгүй.
Яагаад өөр нэг ч дэлгүүрт үндэсний үйлдвэрлэгчийн нарийн ногоо байхгүй байгааг асуухад “Нэг талаар дотоодын нарийн ногооны гарц муудсан учир ховор байгаа. Нөгөө талаар хил хаасантай зэрэгцээд үнийг нь хоёр дахин нэмчихсэн учир түүнийг нь худалдаж аваад зарах боломжгүй" хэмээн тайлбарласан юм.
Барс захын нарийн ногоо худалдаалдаг дэлгүүрүүдийн агуулах:
Энэ тухай худалдаачин "О" хэлэхдээ "Нарийн ногоог 16,000-30,000 төгрөгөөр аваад бид цааш нь хэдэн төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлэх болж байна вэ? Хэт үнэтэй нарийн ногоог хүн авахгүй тул энд муудна. Тиймээс худалдааны төв дотор дотоодын нарийн ногоо зарагдахгүй байгаа.
Уг нь намар дотоодын ногоо хямдардаг. Барс захын тухайд Монгол ногоо гардаг цагт буюу намрын улиралд урд хөршөөс нарийн ногоо оруулж ирэхгүйг боддог. Яах аргагүй хүйтний улирал эхлэхээр бид урд хөршөөс нарийн ногоо авч, нийлүүлдэг.
Харамсалтай нь дотоодын нарийн ногоо буюу ногоон сонгино, брокколи, өргөст хэмх, салаат навч, улаан лооль зэргийн нийлүүлэлт нь шалихгүй. Долоо хоногт л 5-6 шуудай өргөст хэмх нийлүүлэх жишээтэй.
Одоо бүр зарим нь нарийн ногоо байхгүйг далимдуулж шууд л үнийн хөөрөгдөл үүсгэж байна. Өмнө нь 7,000 төгрөг байсан монгол салаат навч одоо 20,000 төгрөгийн үнэтэй болсон байгаа. Ямар ч гааль, татвар төлөхгүй, дотооддоо тариад, шууд хурааж аваад л худалдаалж байгаа ногоогоо хэдий ховор байгаа гээд арай ч ийм үнэтэй зарж болохгүй" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн өмнө нь монгол нарийн ногооны үнэ хэзээ ч ингэж хөөрөгдөж байгаагүй. Энэ жил хил гааль саатсантай холбоотойгоор түүхэн дээд хэмжээнд үнийн хязгаар тогтоод байгааг худалдаачид хэллээ.
Түүнчлэн тэд хөрш улсууд хилээ ийнхүү хаах эсвэл импортын бүтээгдэхүүнээ хязгаарлах болсон явдал нь манай улсыг үйлдвэрлэгч орон болоход анхаарлаа хандуулах ёстойг сануулж буй хэрэг гэдгийг онцлов.
Худалдаачид "Урд хөрш халдварын улмаас ийнхүү хилээ хаасан явдал нь дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаа дэмжих цаг болсныг харуулж байна. Хөрш улсууд хилээ хаах, импортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ хязгаарлах зэрэг явдлууд нь манай улсыг өөрсдөө үйлдвэрлэгч байх ёстойг сануулсан хэрэг болж байгааг төр засаг ойлгох хэрэгтэй" хэмээн хуучиллаа.
Нарийн ногооноос гадна БНХАУ-аас орж ирдэг зарим төрлийн жимс жимсгэнэ ч ховорджээ.
Жимс жимсгэнийн худалдаачин М.Удаммөнх “БНХАУ-аас импортолдог бүх төрлийн нойтон жимс орж ирэхгүй болсон. Тухайлбал, жүрж, нимбэг, усан үзэм, алим, гадил, лийр, хан боргоцой, киви зэрэг жимс байхгүй байгаа.
Манай дэлгүүрийн хувьд, нойтон болон хатаасан жимс худалдаалдаг. Харин хил хаагдсан тул нойтон жимс тасалдаж, хэдэн хайрцаг хатаасан жимс л үлдсэн. Хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учир одоохондоо шинээр жимс захиалаагүй. Зөвхөн байгаа бараануудаа л гаргаж байна.
Бид хаанаас өөр жимснүүд татан авах боломжийн талаар судалж байгаа. Гэхдээ ихэнх бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хилээр дамжиж орж ирдэг учраас хилээ хурдан нээвэл сайн байна” гэсэн юм.
"Барс" зах дээр зөвхөн ОХУ-аас татан авсан өргөст хэмх, гадил, жүрж, польш алим зэрэг худалдаалагдаж байна.
Урд хөршөөс оруулж ирсэн ногооны үнэ нэг хэсэг өндөр болсон нь хил гаалийн саатлаас үүдсэн тээврийн зардалтай холбоотой гэдгийг худалдаачид хэлж байна.
"Уг нь Засгийн газар нэг машины хөлсийг 10 сая төгрөг байна гэж тохирсон ч 40 гаруй сая төгрөг болчихсон тул урдаас барааг хэчнээн хямд авсан ч ямар ч аргагүйгээр бараа бүтээгдэхүүндээ тээврийн зардлаа шингээж худалдаалж байна" гэсэн юм.
Энэ тухай Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбооны УЗГ Г.Золжаргал “Хүнс импортлогчдын холбоо болон урд хилээр бараа импортлогч ААН-үүд нэгдэж түр зөвлөл гэж байгуулсан. Улмаар үүссэн нөхцөл байдлыг хэрхэн даван туулж, хялбар шийдэх тал дээр Засгийн газраас гарсан Ажлын хэсэг, ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна.
Бид Эрээн-Замын-Үүд боомтын хил нээгдсэн даруйд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг тусад нь дараалал гаргаж, түрүүлж хил нэвтрүүлж өгөхийг хүсэж байна.
Учир нь одоо Эрээн, Замын-Үүдийн хил дээр гацаад байгаа 5,000 гаруй автомашин дунд хүнсний бүтээгдэхүүний байгаа бөгөөд хялбар муудах эрсдэлийг нь бодолцохыг хүсэж байна.
Аравдугаар сарын 10-ны байдлаар Эрээнээс нааш хил нэвтрэх автомашины тээврийн хөлс 45 сая төгрөгт хүрсэн. Энэ нь хүнсний үнэ хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлээд байгаа.
Нарийн ногоо нь тусгай хадгалалтын горимтой байдаг тул Эрээн дээр хүлээгдээд байх боломжгүй. Тиймээс тээврийн жолоочийн хэлсэн үнэд багтаагаад л өндөр үнээр нь бараагаа авсаар байсан юм.
Хэрэв нарийн ногоо импортлогч компаниуд өөрсдийн автомашинаар тээвэр хийвэл тээврийн хөлснөөс шалтгаалсан өндөр үнийг буулгах боломж уг нь бий. Манай автомашинууд өөрсдөө тээвэрлэлт хийвэл ердөө жолооч, шатахууны хөлс л үндсэн үнэ дээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих бүтээгдэхүүнд тээвэрлэлтээс шалтгаалсан хэт үнийн хөөрөгдөл шингэхгүй гэсэн үг.
Эрээн боомтоор БНХАУ-аас хүнсний нарийн ногоо импортолдог 98 ААН байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжүүдэд 300 орчим автомашин байгаа.
Хил нээгдвэл хялбар муудах хүнсний автомашиныг бараанаас тусад нь дараалалд оруулж, өдөрт багадаа 10-15 машин оруулбал нөөц бүрдэнэ. Хэрэв өөрсдөө тээвэр хийх боломжийг олговол хөөрөгдсөн үнийг буулгаж чадна. Төр засаг энэ саналыг дэмжээд нааштай шийдээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.
Харин одоогийн нөхцөл байдлын талаар тэрбээр "Ер нь манай улс хэдий хүртэл идэж уух, өмсөж зүүхээ гаднаас хараат байлгах вэ. Улс орныхоо эрс тэс уур амьсгалыг тооцоолж, өвлийн улиралд ногоо тарьж болохоор дулаан хүлэмж барьж, цахилгаан тогийнх нь асуудлыг шийдэж өгөх байдлаар тариалалтыг дэмжих хэрэгтэй байна.
Хэдий бид Импортлогчдын холбоо гэж байгаа ч хэрэв дотоодод маань хангалттай нарийн ногоо байсан бол гаднаас нарийн ногоо заавал оруулж ирж, нийлүүлээд байх хүсэлгүй.
Аливаа гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйл дахиад ямар ч байдлаар тохиож болно. Тэр бүрд үндэстний бодлоготой байж, дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлэх хэрэгтэй" хэмээлээ.
Худалдаачид "ОХУ-ын Эрхүү зэрэг ойрхон мужаас авч байгаа нарийн ногооны ихэнх нь савлагаа нь л өөрчлөгдчихсөн болохоос БНХАУ-аас, Манжуураар дамжсан нарийн ногоо байдаг юм билээ. Тиймээс Эрээн боомтоор авч байгаа нарийн ногоо яг адилхан ч арай хямд төдийгүй, цаг хугацааны хувьд ч хурдан ирдэг гэсэн үг.
Хилээр орж ирж буй нарийн ногоог гааль дээр шинжилгээнд хамруулдаг. Ирээд хүнсний захуудад зарж борлуулахаас өмнө ч шинжилгээнд хамруулдаг учраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдаачид иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг" гэдгийг онцолж байлаа.
Нарийн ногооны хомсдол хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд ч хүнд тусаж байна. Энэ тухай бид рестораны төлөөллүүдээс тодруулсан юм.
"Samgyeopsal Express" рестораны менежер О.Мөнхзул “Солонгос хоолонд нарийн ногоо их ордог буюу хачруудыг нь олон төрлийн нарийн ногоогоор хийх хэрэгтэй байдаг.
Манай рестораны хувьд, хамгийн гол бүтээгдэхүүн буюу шарсан гахайн махыг ороож идэх навч нь хомстоод байна. Олдож байгаа цөөн хэдэн килограмм нь хэтэрхий үнэтэй. Тухайлбал, анх 6,000 төгрөгөөр худалдаж авдаг байсан навчийг одоо бид 30,000 орчим төгрөгөөр худалдан авч байна.
Бид хоолны хачрыг ч бусад төрлийн монгол ногоогоор орлуулах арга хэмжээ авч байна. Үйлчлүүлэгчдийн маань ийм байдалд сэтгэл дундуур гарч байгаа ч яалт ч үгүй хил хаалттайг мэдэж буй учраас харьцангуй ойлгож хүлээн авч байгаа.
Энэ байдал рестораны орлого, зарлагад ч нөлөөлж байна” хэмээсэн юм.
"Bosco Verde" Итали рестораны менежер Д.Дашсаш “Манай ресторан ургамлын хоолонд суурилсан буюу нарийн ногоо маш их хэрэглэдэг. Гэтэл нарийн ногооны хомсдолоос улбаалан ихэнх хоол маань гарах боломжгүй боллоо.
Гэхдээ бид намар ногоо элбэг байх үеэр нэлээд нарийн ногоо зоориндоо нөөцөлсөн. Түүгээрээ одоо хэд хэдэн төрлийн хоол гаргаж байгаа.
Бид анх хүмүүсийн эрүүл мэндийг бодож ногоотой хоолны ресторан нээсэн. Ингэхдээ үнийг багаар барьсаар ирсэн. Манай ресторанд нийт 40 гаруй төрлийн хоол гардгаас одоо 10 гаруйхан төрлийн хоолыг гаргаж байгаа.
Хэрэв байдал цааш энэ хэвээр удаан үргэлжилбэл манайх хаалгаа барихаас өөр аргагүй. Дотоодын ногоо хэрэглэе гэхээр хэтэрхий үнэтэй байна.
Бид хоолны орцонд орох ганцхан төрлийн нарийн ногоог килограммыг нь л 20-30 мянган төгрөгийн үнээр худалдаж аваад эргээд 7,000-10,000 төгрөгийн үнэтэй рестораны хоол гаргана гэдэг хүнд асуудал” гэлээ.
Мөн тэрбээр “Манайх Дүпүг уураглаг гээд хоолондоо их хэрэглэдэг. Гэтэл манай рестораны байнгын худалдан авалт хийдэг Дүпүний үйлдвэр өчигдөр хамгийн сүүлийн удаа ажиллаж байгаа талаараа хэлсэн. Шалтгаан нь түүхий эдээ урд хөршөөс оруулж ирдэгтэй холбоотой гэж тайлбарласан.
Хил хаалттай учир түүхий эдгүй болоод зарим нэг үйлдвэр ийнхүү хаалгаа барьж эхэллээ. Монголчууд хоолны бүтээгдэхүүнээ ядаж түүхий эдээс нь эхлээд дотооддоо үйлдвэрлэх ёстой" хэмээн бодлоо ярьсан юм.
Орчин цагт монголчуудын хооллолтын хэв маяг өөрчлөгдөж, дан ганц мах, гурил бус нарийн ногоо, жимс жимсгэнэ өргөнөөр хэрэглэдэг болсон.
Тиймээс төр засаг үүнийг ойлгож, алсын хараатай арга хэмжээ авч, цаашид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй болсныг энэхүү сурвалжилга харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!