Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Он гарснаас хойш НАЙМАН аймагт газар хөдлөлт бүртгэгдэв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN

(Дээрх газрын зурагт он гарснаас хойш газар хөдлөлт бүртгэгдсэн аймгуудыг хөх, цэнхэр өнгөөр тэмдэглэж харуулав. Ингэхдээ аймгууд дахь газар хөдлөлтийн давтамжийг харуулаагүй болно.)

2021 он гарснаас хойш манай улсын найман аймагт 3-6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. 

  1. 2021.01.08 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4.2 магнитуд
  2. 2021.01.12 Хөвсгөл аймагт 6.7 магнитуд 
  3. 2021.01.13 Баян-Өлгий аймагт 3.1 магнитуд
  4. 2021.02.13 Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитуд
  5. 2021.03.23 Говьсүмбэрт болсон 5.5 магнитуд 
  6. 2021.07.09 Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитуд 
  7. 2021.07.22 Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагш 49 километрт 5.2 магнитуд
  8. 2021.09.08 Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ын зайд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Монгол оронд болж буй газар хөдлөлтийн талаар энэ оны гуравдугаар сард Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбаттай ярилцаж байсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүний ярилцлагаас онцлох зүйлсийг эшлэл болгон дахин хүргэж байна. (Ярилцлагыг бүтнээр нь унших бол ЭНД дарна уу)

  • Газар хөдлөлт гэдэг 10 гаруй км-ийн гүнд болдог процесс бөгөөд 15, 16 км-ийн зузаантай газрыг хагалдаг. 
  • Хүчтэй газар хөдлөлтийн дараа давталт хөдлөлт хэдэн зуу, хэдэн мянгаараа болдог. Тухайн орчин бүрэн эмчтэрч дуусаад тайван байдалдаа ортол эвдрэх процесс явагдана. 
  • Дэлхийд газар хөдлөлтийг урьдчилж хэлээд, иймэрхүү хүчтэй газар хөдлөлт тэр цагт болно гэж хэлэх түвшинд өнөөдөр хүрээгүй.
  • Газар хөдлөлт болгон өөр өөрийн гэсэн шинж чанартай. Нэг төрлийн шинж чанар өгдөггүй. 
  • Газар хөдлөлт үндсэндээ хоёр тохиолдолд идэвхждэг.
    • Байгалийнх. Тектоник хөдөлгөөн юм уу, идэвхтэй хагарлын дагуу идэвхжил эхэлж байдаг.
    • Сүүлийн үед их яригдах болсон хүний үйл ажиллагаатай холбоотой идэвхжил. Тухайлбал уул уурхай ч юм уу, ус ихээр ашиглаж байгаа газруудад газар хөдлөлтийн идэвхжил ажиглагддаг.
  • Сүүлийн үед их яригдах болсон хүний үйл ажиллагаатай холбоотой идэвхжил. Тухайлбал уул уурхай ч юм уу, ус ихээр ашиглаж байгаа газруудад газар хөдлөлтийн идэвхжил ажиглагддаг.
  • 2005 оноос хойш Улаанбаатар хот орчим газарт газар хөдлөлтийн идэвхжил огцом ихэссэн. Жилд дунджаар 200 газар хөдлөлт болдог байсан бол одоо 1,000-аад газар хөдлөлт болдог болсон.
  • Идэвхтэй хагарал гэдэг нь одоогоос хэдэн мянган жилийн өмнө энэ газарт маш хүчтэй газар хөдлөлтүүд болсон гэсэн үг. Хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий зургаан идэвхтэй хагарал Улаанбаатар хотыг тойроод бий. Дурдвал,
    • Улаанбаатараас баруун тийш буюу Эмээлтийн хагарал хойноосоо урагшаа чиглэлтэй
    • Улаанбаатараас урагшаа параллель хоёр хагарал
    • Гачууртаас хойшоо 10 км зайд Гүнжийн хагарал /2010-2015 оны хооронд Гүнжийн хагарал дээр хүчтэй газар хөдлөөд Улаанбаатар чичирхийлэлд өртөж байв/…
  • Долоо дахь буюу Улаанбаатар хотын дундуур гарсан хагарлыг харин Японы эрдэмтэд тогтоосон. Өөрөөр хэлбэл, манайхны тогтоосон Улаанбаатарыг тойрсон зургаан хагарал, Япончуудын тогтоосон нэг хагаралтай нийлээд нийт долоон хагарал Улаанбаатарын нутаг дэвсгэрт байгаа. 
  • Манай улс хот орчмын газар хөдлөлтийн хагарлыг таамаглах 61 станц, орон нутгийнхийг бүртгэх 68 станцтай. Багажны хувьд дэлхийд ашиглагдаж байгаа сайн гэх багажууд манайд суурилагдсан.
  • Газар хөдлөлтийн ажиглалтын цэгийн тооны хувьд манай улс хоцрогдолтой яваа. Яагаад гэвэл улс үүнд нэг ч төгрөг өгдөггүй. Дандаа олон улсын тусламжаар л байгуулсан станцууд бий. 
  • Монголд 21-22 газар л станц ажиллаж байгаа. Баруун төв хэсгээрээ ихэнх станцууд төвлөрсөн. Зүүн хэсгээрээ байдаггүй.
  • Газар хөдлөлт бага болдог БНСУ-д 300 гаруй станц ажилладаг. Японд бол газар хөдлөлтийг бүртгэх 10 мянга гаруй станц ажилладаг. Бид ядаж 100 станцтай болох юмсан гээд мөрөөдөж байна. 

Монгол орон дахь газар хөдлөлтийг бүртгэх станцууд:

 
Одон орон геофизикийн хүрээлэн

Улаанбаатар орчмын Газар хөдлөлтийг бүртгэх станцууд: 

 
Одон орон геофизикийн хүрээлэн