"Цэцэрлэгийн нэг ангиас халдвар илэрвэл тухайн ангийн хүүхдүүд 14 хоног зайн сургалтаар хичээллэнэ"
Эхний ээлжид 4 болон 5 настай хүүхдүүдийг цэцэрлэг танхимаар хүлээж авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сургалт хэрхэн явагдах тухай БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ирэх жил ЕБС-д элсэх таван настай 77,185 хүүхдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Мөн хэрэв хүүхдийг танхимын сургалтад хамруулах нь эрсдэлтэй гэж үзсэн эсвэл танхимын сургалтад хамруулах боломжгүй хүүхдүүд алсын зайн сургалтад хамрагдах боломжтой.
Цэцэрлэг дээр ямар нэг халдвар гарахгүй бол танхимын сургалт үргэлжлээд явах боломжтой.
ЭМЯ болон БШУЯ-ны хамтран Сургуулийн өмнөх боловсролын танхимын хичээлийг эхлүүлэхэд дагаж мөрдөн тухай журам баталсан.
Уг журамд нэг ангиас халдвар гарч, эрсдэлтэй байдал үүссэн тохиолдолд зайн сургалт руу шилжүүлэхээр тусгагдсан.
Тодруулбал,
- 4 болон 5 настай хүүхдүүдийн анги дүүргэлтийг 20-оос (+-5) байдлаар зохион байгуулна.
- Нэг ангид халдварын батлагдсан тохиолдол гарсан илэрвэл тэр анги 14 хоног зайн сургалт руу шилжүүлнэ.
- Нэг давхрын ангиудаас тус бүрээр өвчлөл илэрвэл тус давхрыг тэр чигт нь хааж, 14 хоног зайн сургалт руу шилжүүлж, хэсэгчилсэн байдлаар зохицуулалт хийнэ.
- Өөр өөр корпуст байрлах ангиудаас халдвар илэрвэл цэцэрлэгээрээ зайн сургалт руу шилжих гэсэн зохицуулалтыг тус тус хийхээр төлөвлөж байна.
Энэ мэтчилэн бид аль болох цэцэрлэгийг бүтнээр нь хаах биш нөхцөл байдалд нь тулгуурлан хэсэгчилж хязгаарлах замаар танхимаар болон зайн сургалтаар хичээллүүлэх юм" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
