Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд нүүрлэж буй үнийн их өсөлт

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахал хүн төрөлхтний хамт 2025 он хүртэл зэрэгцэн амьдарна хэмээн олон улсын шинжээчид дүгнэж буй. Тиймээс энэхүү вирусийн нөлөө бидний алхам тутамд нөлөөлөх бөгөөд өнөөдөр ч нөлөөлсөөр байна. 

Коронавирусийн халдварын нөлөөгөөр олон нийтийн газар хоол хүнс худалдаалахыг 68% хязгаарласан. Бараг л ил, задгай хүнс худалдаалахаа больсон гэсэн үг. Улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Ялангуяа, Монгол Улсад 60% өссөн нь Ази, Номхон далайн бүс нутагтаа гуравдугаарт эрэмбэлэгдэх өндөр өсөлт болохыг Наадмын өмнө болсон “Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа онцлон тэмдэглэсэн. Импортоос хамааралтай улс орнуудын нэг учраас тэр. 

Тэгвэл цаашид энэ нөлөө бидэнд улам илүү хүнд тусах эрсдэл байна. 

Дэлхий дахинд үнэ өсөж байна. Цар тахал эхэлсэн 2020 онд түүхэд доод түвшиндээ хүрээд байсан инфляц өнөөдөр улс орнуудад хэрхэн өөдөө тэмүүлж байгааг доорх графикаас харна уу.

Зураг 1. Дэлхийн томоохон эдийн засгууд дахь үнийн өсөлт, жилийн өөрчлөлт

 
statista.com

АНУ-д л гэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургадугаар сард өмнөх оноосоо 5.4% өссөн нь 2008 оны хямралаас хойших сарын хугацааны хамгийн их өсөлтөд тооцогдож байна. Зөвхөн хүн болон эрчим хүчний үнэ жилийн дотор 4.5%-аар нэмэгдсэн нь 1991 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн их өссөн үзүүлэлт болжээ. 

Удаан хугацаанд хөл хорио, хязгаарлалтад амьдарсан хүмүүсийн аялах хэрэгцээтэй холбоотойгоор зургадугаар сард тус улсад нислэгийн тийзийн үнэ 25% нэмэгдсэн байна. “Бид маш их үнийн өсөлттэй тулж байна” хэмээн Уоррен Баффет сүүлд хэлжээ.

Их Британид сүүлийн сард инфляц 2.1-ээс 2.5% болж өссөн нь мөн л сүүлийн гурван жилийн хугацаанд үзэгдсэн хамгийн өндөр өсөлт хэмээн үзжээ. Харин тус улсын төв банкны зорилт нь 2%.

Зураг 2. Их Британийн үнийн өсөлт

 
BBC

Ийнхүү инфляц түүхэн түвшинд хүрч өсөж байгааг цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийн шинж тэмдэг хэмээн эдийн засагчид дүгнэжээ. Тодруулбал, цар тахлын нөлөөг бууруулахаар их хэмжээний багц арга хэмжээнүүдийг авч, халамжийн хэмжээг өсгөсөн нь өнөөдөр энэ үр дүнд хүргэж байна гэж зарим нь харж байгаа аж. Улмаар түүхий эдийн эрэлт нэмэгдэж, зэс, нүүрс, газрын тосны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлэв.

Эдгээр орны тухайд эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт явагдаж байгаа бол Монгол Улсад нийлүүлэлтийн гаралтай инфляц зонхилж байна. 

Монгол Улсад цар тахал нүүрлэсэн жилд 2%-д эргэлдэж байсан үнийн өсөлт 2021 оны дөрөвдүгээр сараас тасралтгүй өссөөр 6.2%-д хүрээд байгаа

Зураг 3. Монгол Улсын инфляц, сүүлийн жилийн үзүүлэлт

 
Монголбанк

 

Импортоос хараат манай улсын хувьд олон улсад дор хаяж 40% ба түүнээс дээр өссөн тээврийн үнэ инфляцад голлох нөлөө үзүүлсэн гэж болно. Түүнээс гадна халдварын нөхцөл байдлаас шалтгаалсан хилийн саад тээгээс үүдэн маш их өсөлт бий болоод буй. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд барилгын материал тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж гээд бүхий л зүйлийн үнэ өссөн. 300 орчим мянган төгрөгөөр авдаг байсан порлоны үнэ нэг сая төгрөг давсан талаар үйлдвэрлэл эрхлэгч ярьж байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд нийт үнийн өсөлтийн 60%-ийг дангаараа эзэлж байгаа. 

Манай улс цар тахлын нөлөөг бууруулах хүрээнд хэд хэдэн багц арга хэмжээ авсан. 2021 он гарснаас хойш эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3%-ийн зээл, ипотекийн 6%-ийн зээл, бизнес эрхлэгчдийн зээлийн бүтцийг өөрчлөх зэрэг арга хэмжээг авахын зэрэгцээ халамжуудыг өсгөсөн хэмжээг он дуустал үргэлжлүүлэхээс гадна хэд хэдэн удаагийн бэлэн мөнгийг иргэддээ тараасан гээд үнэ өсөхөд нөлөөлөх олон хүчин зүйлийг дурдаж болно. 

Монгол Улсын хувьд хамгийн то эрсдэл нь шатахууны үнэ. Үүнийг бид зохицуулж чадахгүй, дэлхийн зах зээлээс шууд хамаарч буй хүчин зүйл. Тиймээс инфляцад шатахуун дангаараа 10 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг буюу инфляц 8% байхад түүний нэг хувийг бензиний үнийн өсөлт эзэлдэг гэж үздэг. 

Хэрэв инфляц энэ чигээр өсвөл төв банкны зохицуулалт шаардлагатай болно. Харин өнгөрсөн сард хуралдсан төв банкны Мөнгөний бодлогын хороо ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй юм. Цаашид ямар шийдвэр гаргах бол гэдэг одоогоор тодорхойгүй байна.