Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэдийн 0.44% нь коронавирусийн халдвар авчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт орон даяар үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.7 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 59.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

Тэгвэл вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн 0.44 хувь буюу 900 гаруй хүн халдвар аваад байгаа аж.

Гэхдээ 0.44 хувь нь олон улстай харьцуулахад бага үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал "Олон улсад вакцин хийлгэсэн иргэд халдвар авсан тохиолдол нь нийт хамрагдсан иргэдийнхээ нэг орчим хувийг эзэлж байгаа" хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлсэн юм.

Вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэдийн тоо 200,000 гаруй л байна

 

Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагууд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тун хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтсон гэж үзнэ хэмээн мэдээлж буй.

Тэгвэл ЭМЯ-наас өгсөн дээрх мэдээллийн дагуу вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн 0.44 хувь нь халдвар авсан гэж тооцоолж үзэхэд 200,000 гаруй хүн вакцин хийлгээд 14 хоножээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тун хийлгэсэн 1,229,228 хүнээс 200,000 гаруй нь 14 хоносон буюу бүрэн дархлаа тогтсон гэж үзэхээр байна.

Түүнээс гадна, улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тун хийлгэсэн иргэдийн 0.5 хувь нь буюу 9,000 орчим хүн коронавирусийн халдвараар өвчилсөн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр тавдугаар сарын 27-ны өдөр мэдээлж байв.

Харин өнөөдрийн байдлаар дээрх тоо хэрхэн өөрчлөгдсөн болохыг түүнээс тодруулахад "Шинэчлэгдсэн мэдээллээ авч амжаагүй байгаа" тухайгаа учирлав.

Иймд тухайн өдөр буюу тавдугаар сарын 27-ны өдрийн мэдээллээр тооцоолоход бүрэн тунг хийлгэсэн иргэдийн 0.4 хувь нь халдвар авчээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тухайн өдөр өгсөн мэдээллээр "Вакцины хоёрдугаар тун хийлгэсэн ч 14 хоноогүй буюу дархлаа бүрэн тогтоогүй байхдаа халдвар авсан хүний тоо 3,000-ыг давсан. Мөн вакцины хоёрдугаар тунг хийлгээд 14 хоносон 900 гаруй хүн халдвар авсан" байна.

Үүнийг тухайн өдрийн байдлаар вакцин хийлгэсэн хүмүүсийн тоотой харьцуулан үзэхэд вакцины бүрэн тун хийлгэсэн нийт иргэдийн 0.4 хувь нь халдвар авсан байжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 944,249 хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байснаас 3,900 гаруй нь халдвар авсан гэсэн үг.

"Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан ч дархлаа тогтож амжаагүй 1.6 сая гаруй хүн байна"

 

Дээрх тоон мэдээллээс үзвэл, өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунг 1,229,228 хүн буюу нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 59.5 хувь нь хийлгээд байгаагаас нэг сая орчимд нь дархлаа бүрэн тогтоогүй буюу 14 хоноогүй байгаа гэж хэлж болохоор байна.

Үүн дээр нэгдүгээр тундаа хамрагдсан иргэдийг нэмбэл вакцинд хамрагдсан иргэдийн 1.6 саяд нь одоогоор дархлаа бүрэн тогтоогүй байгаа гэсэн үг.

Хэдийгээр вакцин хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүс ихэвчлэн шинж тэмдэг багатай буюу хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа гэх ч халдвар авснаа мэдэхгүй бусдад тараах эрсдэл бий.

Сүүлийн өдрүүдэд хоногт хийгдэх шинжилгээнүүдийн 10-аас дээш хувьд нь халдвар илэрч байгаа. Өнөөдөр гэхэд л 6,027 хүнд шинжилгээ хийхэд 927-д нь буюу 15.3 хувьд нь халдвар батлагджээ.

Иймд иргэд олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байж халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлага байсаар байгааг дахин сануулъя.