Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Туул голын сав газар сүүлийн 15 жилд хэрхэн барилгажив?

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Original Image 2020
Modified Image 2006
 

Зайсангийн гүүрээс Маршалын гүүр хүртэлх газарт барилгажилт 2006-2020 онд /Суман дээр дарж хоёр тийш нь гүйлгэж үзнэ үү/

Туул голын эрэг дагуу буюу Khan Hills хотхоны хажууд бургасыг сугалж, барилгын ажил эхлүүлсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна. 

Энэ талаарх мэдээллийг холбогдох албаныхнаас тодрууллаа. 

БОАЖЯ-ны хэвлэлийн ажилтан "Голын хойд талын газар Засаг захиргааны хуулиараа нийслэлд хамаардаг. 2010 онд тус байршилд 12 га газрыг орон сууцны барилга барих зориулалтаар олгосон байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Туул голын сав газрын захиргаанаас барилга барихаар зэхэж буй газрын зөвшөөрлийн талаар тодруулахад "2010 онд Нийслэлийн засаг даргын 204 дүгээр захирамжаар "Идэр интернешнл" компанид орон сууцны барилга барих зориулалтаар 15 га газрын зөвшөөрлөл олгосон байдаг. Улмаар тус компани 2015 онд зөвшөөрлөө сунгуулсан байна. 

Тус газарт 2017, 2018 онд барилгын суурийн ажил эхлүүлсэн тул манайх нийслэлийн мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран барилгын ажлыг зогсоосон.

Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд нийслэлийн Засаг даргад хандаж тус газрын зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт явуулсан ч шийдвэрлэж өгөөгүй, хариу өгөөгүй. Улмаар 2019, 2020 онуудад НМХГ болон холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэгт орж ажиллаж байсан бөгөөд газрын зөвшөөрлийг цуцлуулахаар удаа дараа хандаж байгаа ч шийдвэрлэгдээгүй байна" хэмээн хариуллаа. 

Туул голын сав газарт орон сууцны хороолол барьсан тохиолдлууд хэд хэд бий. Тухайлбал, Зайсангийн гүүрээс Маршалын гүүр хүртэлх газарт үерийн хамгаалалтын далангийн дотор нийт 80 га газарт гурван хороолол баригдаад байна. Тодруулбал, River Garden хотхоны барилгын ажил 2007, Khan Hills хотхон 2012, Time Square хотхон 2013 оноос эхэлж байжээ.

2004-2020 оны хооронд Туул голын сав газар хэрхэн барилгажсаныг доорх дүрслэлээс харах боломжтой.

НИТХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 50 дугаар тогтоолоор усан сан бүхий газар буюу голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулах болсон. Өмнө нь үерийн далангаас гадагш 50 метр газрыг онцгой хамгаалалтын бүсэд хамруулдаг байв. 

Харин Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоож, барилга, байгууламж барихыг хориглодог.