Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон Монгол Улсад нүүрлэсэн цар тахлын голомтод амь нас эрүүл мэндээ үл хайрлан, эмчийн тангаргаа чанд сахин ажилласан дараах нэр бүхий эмч, сувилагч нарт Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.
“Эрхэм эмч, сувилагчид аа,
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаачид, хамгаалагчид аа
Цар тахлын хүнд цаг үед Та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сайхныг тогтоон барих, халдварыг дарах, хумих нэн хүчир ажлыг амжуулж, бэрхийг даван туулж байгааг Монголын ард түмэн харж, мэдэрч, дэмжиж байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрээс хэтэрсэн хүнд ажлыг даван туулсныг тань үнэлэх, эх орон ард түмэндээ тууштай зүтгэснийг тань өргөмжлөн хүндэтгэх үүргээ миний бие хүлээж, өнөөдөр зарим эмч, сувилагч нарт төрийн дээд одон медаль, цол шагнах тухай зарлигийг буулгалаа.
Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж, мятаршгүй их тэвчээр, зориг гарган манлайлан зүтгэгчдийн төлөөлөл болгож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, их эмч Цэрэндоржийн Чинбаяр, Вирусологийн лабораторийн эрхлэгч Бадарчийн Дармаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Нямдоржийн Цогбадрах нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж байна. Монголчууд, Монголын нийт иргэдийн нэрийн өмнөөс Та бүхэнд онцгойлон талархал дэвшүүлье. Баяр хүргэе!
Эрүүл мэндийн салбарт 50 шахам жил тасралтгүй ажилласан Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Намжилын Жамган гуай, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн ахмад эмч Содномбалжирын Занаа гуай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Азийн бүсийн орлогч захирал хүртэлх албан тушаалд олон жил эх орноо төлөөлөн ажилласан ахмад эмч Замбалгаравын Жадамбаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Дорлигийн Жаргалсайхан, “Грандмед” эмнэлгийн ерөнхий эмч Давгасүмбэрэлийн Гончигсүрэн нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч цол олгож байна.
Эрүүл мэндийн үйлчилгээ, сувилгаа, тусламжийг мэргэжлийн ур чадвар гарган үзүүлж байгаа Монголын нийт 13 мянга гаруй сувилагч бий. Тэдний төлөөлөл болгож, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн сувилагч Доржийн Дуламсүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Батсүхийн Хандмаа, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэгийн сувилагч Рэнцэндоржийн Туяа, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Цогтоогийн Энхтуяа нарт Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.
Нийгмийн эрүүл мэнд, эрүүл иргэн бол Монгол Улсын хамгийн үнэт баялаг юм. Эрүүл мэнд бол бүх зүйл. Тийм учраас нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа нийт эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад цар тахлын хүнд үеийг даван туулахад хүчин зүтгэл гаргаж, тангаргаа сахиж байгаад нь дахин дахин талархал илэрхийлье.
Улс орныхоо эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, ард иргэддээ мянган жаргалангийн үүд болсон эрүүл энхийг бэлэглэж байдаг Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!