О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодруулсан байна.
Тодруулбал, Дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсныг тус намаас зарлалаа.
"Хоёр толгойтой" хэмээн тодорхойлж болохоор нөхцөлд байгаа АН өнөөдөр дотооддоо хоёр сонгуулийг явууллаа.
О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Тэгвэл дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байв.
Харин нөгөө талд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар өрсөлдөж дотоод сонгуульд С.Эрдэнэ ялалт байгуулсан хэмээн зарлаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!